Путин нөлөө бүхий эрхмээр гурав дахь жилдээ

2015 оны 11 сарын 5

 

Америкийн “Forbes” сэтгүүлийн гаргасан дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг гурав дахь жилдээ Оросын ерөнхийлөгч Владимир Путин тэргүүлж хүчирхэг удирдагч гэдгээ нотолж байна. Түүний араас Германы канцлер Ангела Меркель өнгөрсөн жилийнхээс гурван байр дээшилж хоёрдугаарт нэрлэгджээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн хүч нөлөө буурч, Ангела Меркелийн дараа бичигдсэн байна. Католик шашины тэргүүн Ромын пап Францис нөлөө бүхий хүнээр тодорч жагсаалтын дөрөвдүгээрт оржээ. Харин Азийн хүчирхэг гүрэн  Хятадын ерөнхийлөгч тавдугаарт нэрлэгдэж байна. Мөн Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди зургаан байраар ахиж, анх удаа нөлөө бүхий 10 хүний тоонд багтжээ. Харин Европын төв банкны ерөнхийлөгч Марио Драгхи 11 дүгээрт бичигдсэнээр нөлөө бүхий 10 эрхмийн жагсаалтаас хасагдсан байна.

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноор Хиллари Клинтон нөлөө бүхий 100 хүний жагсаалтанд дахин орж, 58 дугаар байрт жагсчээ. Харин хамгийн залуу нөлөө бүхий эрхмээр “Facebook” захирал Марк Цукерберг шалгарч байна. Тэрээр нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтанд 31-т нэрлэгдсэн байна. Түүнчлэн Японы ерөнхий сайд Шинзо Абе шийдэмгий улстөрийн бодлогынхоо ачаар 2014 оноос хойш түүний нөлөө огцом өсч, жагсаалтад 22 байраар урагшилжээ.

 

“Forbes” сэтгүүлийн жил бүр тодруулдаг дэлхийн нөлөө бүхий хүний жагсаалтыг жил бүрийн арваннэгдүгээр сард танилцуулдаг юм. Ингээд 2015 оны дэлхийн нөлөө бүхий 10 хүний бүрэн жагсаалтыг хүргэж байна. 

 

  1. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин (2014 оны байраа хадгалсан)

  2. Германы канцлер Ангела Меркель (гурав байр урагшилсан)

  3. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама (нэг байр ухарсан)

  4. Ромын пап Францис (байраа хадгалсан)

  5. Хятадын дарга Си Жинпин (хоёр байр ухарсан)

  6. Билл Гейтс (нэг байр ахисан)

  7. АНУ-ын Холбооны нөөцийн газрын дарга Жанет Йеллен (нэг байр ухарсан)

  8. Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон (хоёр байр урагшилсан)

  9. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди (зургаан байр урагшилсан)

  10. "Google”-ын захирал Ларри Пейж (нэг байр ухарсан)

 

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна