JCI байгууллагын Ази номхон далайн бүсийн чуулга уулзалт 2017 онд Улаанбаатарт болно

2015 оны 11 сарын 5

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод JCI байгууллагын Ази номхон далайн бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар болсон юм.

JCI байгууллага нь дэлхийн хэмжээнд 120 гаруй орны 5 000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200 мянга гаруй идвэхтэй, 1 сая гаруй дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд залуу удирдагч, ажил хэрэгч хүмүүс, сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.

2015 онд Малайз улсын Кота Кинабулу хотод болсон JCI  байгууллагын Ази номхон далайн бүсийн чуулга уулзалтын үеэр 2017 онд энэхүү чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрхийг  Монгол Улс авчээ.

Энэ сарын 3-8-ны өдрүүдэд Дэлхийн JCI  байгууллагын олон улсын хурал Японы Канзава хотод болж байгаа бөгөөд энэхүү хуралд НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Энхболд оролцож дэлхийн JCI байгуулалгын Ерөнхийлөгчид нийслэлийн удирдлагуудын мэндчилгээг,  2017 онд Улаанбаатар хотод орон орны гишүүдийнхээ хамт хүрэлцэн ирэхийг урьсан уриалгын хамт гардуулж өглөө.

Улаанбаатар хотод энэхүү олон улсын томоохон хурлыг зохион байгуулснаар JCI байгууллагын 3000-5000 мянган залуучууд хүрэлцэн ирж дунджаар 4.5 сая долларыг монголд  зарцуулах тооцоо байгааг аялал жуучлалын салбарынхан онцолж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна