Алт дагасан асуудал буюу Ноён уул

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Алт дагасан асуудал буюу Ноён уул

Уртын ам энэ өдөр /2015.11.04/ хөл хөдөлгөөн багатай байна. Ноён уулын өвөрт орших Уртын ам гэх эрдэнэсийн энэ өлгий нутгийг хууль бусаар ашигт малтмал олборлогчид сийчиж, сэндийчээд амгалан тайван байлгадаггүй аж. Харин уулыг тал, талыг там болтол сэндийчдэг нинжа нар хэсэгтээ алга болоод Ноён уулын бэл, Уртын ам хэсэгтээ л нам гүмхэн байгаа нь энэ аж. Учир нь, энд гурав хоногийн өмнө хүн амины хэрэг гараад, цагдаа хүчнийхэн өнөө нинжа нарыг бүхий л хүчээрээ хөөн гаргасан талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийг Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллах үеэр Засаг дарга нь танилцуулав. Хүн амины хэрэг нь өнөө л алтны төлөө нүдээ ухаж, хүн алахаас буцдаггүй нинжа гэх хүмүүсийн дунд үйлдэгджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулын өвөр сүүлийн жил орчмын хугацаанд нинжа нарын хөлд дарагдсан байна. Уг нь энэ уулыг монгол түмэн эрт үеэс Ноён хэмээн нэрлэж, хүндэтгэн биширч, Хүннүгийн язгууртны дурсгалт газар гэж хайрлан хамгаалсаар ирсэн түүхтэй. Гэвч уулан дахь Гацууртын ордын нөөцийг 50 тонн алт хэмээн тодорхойлсноос хойш хормын төдийд нинжа гэх их айл энэ бүсэд “ноён” суух болсон юм. Энэ үеэс л Ноён уулын “эргийнхэн”, нинжа нарын дундах “дажин” эхэлжээ.

Харин төр засгаас энэ бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай ярьж эхэлсэн. Судалгаа, шинжилгээ явуулсны дүнд 11 мянган га талбайг улсын тусгай хамгаалалтад оруулах тухай яригдаж байгаа юм. Гэхдээ үүнийг дагасан олон асуудал бий. Ер нь 11 мянган га юу эсвэл бүрэн эхээр нь хамгаалалтад авах уу, үүний дараа нөөцийг ашиглах уу, хэн хэрхэн олборлолт хийх вэ гэсэн маргаан дагуулсан асуудал цуварсаар байна. Байдал нэгэнт ийм болсон тул нутгийн иргэдийн бодол, бодит байдалтай танилцахаар БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг өчигдөр газар дээр нь ажилласан юм. Түүний хувьд Ноён уулын асуудалд нутгийн иргэд ямар бодолтой байна, бодит байдал ямар вэ гэдгийг нүдээр үзэх зорилготой юм.

Уртын ам эзгүй байна

Нинжа нарын эд цуглардаг газар гэх Уртын аманд давхиж яваа ганц нэг морьтой хүн, мод түүж яваа хоёр гурван малчныг эс тооцвол одоогоор нам гүмхэн байна. “Өдөр гайгүй. Харин шөнө ирвэл энд тэндгүй гэрэл асчихсан, нинжа нар хулгайгаар алт ухаад сууж байдаг юм” хэмээн нутгийн иргэн ярилаа. Саяхан гарсан хүн амины хэргээс хойш цагдаа хүчнийхэн нинжа нарыг бүгдийг нь албадан буулгасан хэмээн мэдээлсэн. Гэсэн ч орон нутгийн иргэдийн зүгээс энэ мэдээлэлд итгэхгүй байгаагаа ч нуусангүй. “Өчигдөр орой гэхэд алт ухаад байсан”, “Бүгдээрээ буусан гэдэг худлаа”, “Цагдаагийнхны хүч хүрэлцдэггүй юм” хэмээн халаглах, сайдад алтан хошуу хүргэх хөгшчүүтэй ч уулзав.

Уртын ам шинэхэн цасанд хучигдаж, бохирдсон гэгдэх гол горхи ч мөстсөн учраас нинжа нар энд ойрын үед ирсэн гэх ул мөрийг харах боломжгүй байлаа.

Энд “Бороо Гоулд” компани үндсэн орд ашиглах бэлтгэл ажлаа хангаж байгаа талаар тус компанийн уурхайн дарга Д.Пүрэвраш тайлбарлав. Тус компаниас гадна орон нутгийн 2-3 хамгаалалтын алба зэрэг ажиллаж байгаа боловч нинжа нарыг хангалттай хянаж чаддаггүй гэдгээ учирласан юм.

Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь сум дундахь цагдаагийн хэлтсийн дарга Ц.Ганболдын хэлж буйгаар есдүгээр сарын 3-наас хойш өнөөг хүртэл нинжа нарыг уулнаас буулгах ажиллагааг 28 удаа зохион байгуулжээ. Давхардсан тоогоор 5000 гаруй хүнийг уулнаас буулгах ажиллагаа хийсэн байна. 200 орчим иргэнд Захиргааны хариуцлагын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ авсан. Нийтдээ найман сая орчим төгрөгөөр торгосон гэх мэдээллийг өгөв.

Ноён уулыг бүтнээр нь хамгаалалтад авбал…

Ноён уулын баруун хойд хэсэгт Г.Доосой гуайнх өвөлждөг. Г.Доосой гуайн хувьд энэ нутагт насаараа амьдарч байгаа. Тиймээс өссөн, төрсөн Ноён уулаа нинжа нарын гарт үрэн таран хийлгэхгүй юмсан хэмээн санаагаа чилээж явдгаа хэллээ. Тэрээр “Нинжа нар хаа сайгүй байна. Манай урд талын замаар машинууд зогсоо зайгүй явдаг. Сар гаруйн өмнө л гэхэд манай урд гурван гэр шинээр буусан. Эд нарыг алт ухах гэж ирсэн нинжа нар л гэж хардаад байгаа” гэв.

Г.Доосой гуайн хувьд Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах ажлыг дэмждэг. Гэхдээ бүтнээр нь биш 11 мянган га талбайг л хамгаалалтад авбал зүгээр гэв. Учир нь, Г.Доосой гуайнх бусад есөн айлтайгаа нэгдэн “Бат” нөхөрлөлийг бий болгожээ. Тэд Ноён уулын орчим дахь 1600 гаруй га газрыг хамгаалж, унасан мод шилмүүсийг түүж аваад бэлтгэхээс эхээд олон ажил хийдэг. Хэрвээ Ноён уулыг бүрэн эхээр нь хамгаалалтад авчихвал “Бат” нөхөрлөлийн ажил зогсоход хүрнэ хэмээн айж байгаа аж. Түүний гэргий Л.Батсүх гуай ч ийм бодолтой. Тэрээр “Би энэ асуудалд үнэхээр эмзэглэдэг. Энэ ууланд Дархан, Эрдэнэтээс эхлээд газар бүрийн хүмүүс цугларч алт ухаж байна. Ингэж байгаад эцэстээ энэ сайхан газар нутаг минь тогооны ам шиг том хар нүх болж үлдэх вий гэж их айдаг. Нэгэнт л ингэж ухаж байгаагаас хойш нинжа нар биш, төрөөс албан ёсоор зохицуулалт хийсэн, зөвшөөрөлтэй компани нь олборлолт явуулбал дээр юм уу гэж бодож байна” гэв.

Сентерра Голдын лиценз цуцлагдах уу?

Уг нь анх Ноён уулын 74 мянган га талбайг улсын тусгай хамгаалалтад авах санал гарсан. Гэвч эцэстээ 11 мянга болсон. Энэ талаар сайд Н.Батцэрэг “Ноён уул бол эко системийнхээ хувьд Хан Хэнтийн нурууны бүрэлдэхүүн хэсэг. Энэ хэсгийг бүтнээр нь авах бол 74 мянган га болно. Ингэж бүтнээр нь хамгаалалтад авах гэхээр уулын ойр орчимд тариалангийн бүс, ойн нөхөрлөлүүд их бий. Дээрээс нь үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй компаниуд багагүй байна” гэсэн юм. Тиймээс бүрэн эхээр нь биш 11 мянган га болгож бууруулсан гэж тайлбарлав.

Харин 11 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтад авбал энэ бүсэд 12 лицензтэй газар бий юм байна. Энэ 12 лицензийг цуцлах шаардлага үүсэх аж. Сайд Н.Батцэрэг “Эхний өргөн барьсан төсөлд дээрх 12 тусгай зөвшөөрөлд багтсан “Сентерра голд” компанийнхыг ч цуцална гэж заасан. Харин сүүлд өргөн барьснаар бол “Сентерра голд”, "Эрээн баавгайт" гээд нэр бүхий ордуудын лицензийг үргэлжлүүлье гэсэн. Нэгэнт тогтоогдсон нөөц дээр олборлолт явуулах нь зүйтэй гэж үзсэн” хэмээн тайлбарлав.

Нутгийнхан бухимдаж байна

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд бухимдалтай байна. Шүтээн болсон уулыг нь ухах уу, хамгаалах уу гэсэн хоёр сонголтын өмнө иржээ. Иргэдийн дунд зөвхөн энэ асуудлаар сүүлийн таван жил судалгаа хийж буй хүн ч байна. Тэдний нэг н.Чимэдрэгзэн гуай юм.

Тэрбээр “Ноён уулыг хамгаалалтад авах нь мэдээж зөв. Гэхдээ гадны “Бороо гоулд” компанид зөвшөөрөл өгөхийг эсэргүүцэж байна. Бид “Бороо гоулд” компанийг найдвартай, нийгмийн хариуцлагаа ухамсарласан гээд л байдаг. Гэтэл гадны хэвлэл дээр нөхөн сэргээлт хийгээгүй зугтсан, алга болсон гээд бичсэн байна. Орос хэлтэй хүн бол энэ мэдээллийг аль хэдийн олж харсан даа” гэв. Түүний хувьд 360 төрлийн эмийн ургамал ургадаг, диваажингийн орон болсон Ноён уулаа гадны компаниар ухуулахгүй гэх санаан дээр бат зогсч буй юм.

Харин энэ асуудлын хойноос олон жил зүтгэж яваа гэх О.Цэрэннадмид “Мандал сумын 8700, бусад 36 мянган иргэний Ноён уулаа ухуулахгүй гэсэн гарын үсэг бүхий өргөдөл хаачив? Энэ бүгдтэй Байгаль орчны сайд та танилцаж, бидний санаа бодлыг сонсч, харж үзэв үү. Сүүлийн үед энэ асуудлыг улстөрчид шоу болгож ярьж байна. Гэтэл нутгийн иргэд бид Ноён уулаа ухуулахгүй гэж бүх нийтээр тэмцэж байгаа шүү дээ” хэмээн шүүмжлэв.

Ямартай ч нутгийн ард иргэдийн байр суурь ийм байна. Нутгийнхантай уулзаж, бодит байдалтай танилцсан БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх Ноён уулыг хамгаалалтад авах тухай тогтоолын төсөлд бүх талыг харгалзан үзнэ гэдгээ ч энэ үеэр тодотгосон юм.

Б.ЗОЛЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж