Хагас тэрбумын хахууль авсан уу?

2015 оны 11 сарын 5

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг авлига авч байхад нь АТГ-ынхан үйлдэл дээр нь баривчилан, ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ. Түүнийг туслах болон жолоочийнх нь хамт хорьжээ. АТГ-ын байцаагчид өнөөдөр тэднээс байцаалт авч  эхлэх юм байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар Г.Шийлэгдамба нь бусдаас 500 сая орчим төгрөгтэй тэнцэхүйц ам.доллар авч байгаад баригджээ. Түүнийг өчигдөр өдөр 16,00 цагийн үед барьсан бөгөөд өнөөдрөөс байцаалт аваад эхэлсэн гэсэн мэдээлэл байна.

“Түүнийг баривчилсан” гэх мэдээлэл сонсонгуутаа МАХН-ынхан АТГ болон ШШГЕГ-ын 461 дүгээр ангийн гадаа очжээ. Гэсэн ч АТГ-ынхан Г.Шийлэгдамбыг намынхантай нь уулзуулаагүй байна.

АТГ-ын гадаа З.Баянсэлэнгэ нэлээд “дөвчигнөсөн” гэсэн мэдээлэл байна. Тэрбээр АТГ-ынхныг загнаж, тэд бөөн сүрийг үзүүлсэн талаар ч АТГ-ын ажилтнууд хэлэв. Шөнийн 03  цаг хүртэл АТГ-ын гадаа З.Баянсэлэнгэ баахан эсэргүүцэл илэрхийлсэн бололтой. Харин өглөө нь З.Баянсэлэнгэтэй уулзахаар АТГ-ынхан Барилга хот байгуулалтын яаман дээр очжээ. Тухайн үед сайд ажил дээрээ байгаагүй гэнэ. Харин дараахан нь тэрбээр, “Би ажил дээрээ сууж байсан, над руу АТГ-аас хэн ч яриагүй, ирж уулзаагүй” гэсэн тайлбар өгсөн юм.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна