Хямрал, тэмцлийг шатахуунаар “өрдөх” хэрэг байна уу, Б.Болор сайд аа?

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Хямрал, тэмцлийг шатахуунаар “өрдөх” хэрэг байна уу, Б.Болор сайд аа?

Ирэх оны төсвийн цоорхойг нөхөж, алдсан, асгаснаа нуухын тулд Засгийн газар иргэдийн бүсийг эцэст нь тултал чангалахаар шийдсэн бололтой. Хямрал биш хулгайч нарын уршгаар өнөөдөр ийнхүү тартагтаа тултлаа хямарсан гэж буй манай эдийн засаг дахиад ухрахад гайхах зүйл үлдэхгүй нь.

Шаргал ордны “оршин суугчид”-ын хангамжийг сайжруулж, том дарга нарын цол хэргэмийг бүтнээр нь авч үлдэхийн тулд хийж буй дараагийн нэг алхам нь шатахууны бөөний татварыг нэмэх явдал байж мэдэх юм. Гадаад улсуудад бараг л үнэгүйдэх шахаад байгаа шатахууныг Монголд өсгөх шийдвэрийг сайд нар шүүрч хэрэгжүүлэхээр улайрч буй нь ийм хардлагыг иргэдийн дунд бий болгож байна.

1999 онд баталсан УИХ-ын тогтоолоор импортын барааны гаалийн татвар 0-5 хувь хүртэлх хувь байхаар, 2006 онд шинэчлэн найруулсан Онцгой албан татварын тухай хуульд 2009 онд оруулсан нэмэлт өөрч­лөл­төөр 90 хүртэлх октан­тай авто бинзений тонн тутамд 256 мянган төгрөг, 90 буюу түүнээс дээш октанттай бол 252 мянган төгрөг дизель түлшинд 265 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулахаар заажээ.

Гэтэл одоо 252 мянган төг­рөгийн татварыг 452 мянга, 256 мянган төгрөгийн татварыг 459 мян­га болгож, 265 мянга байсныг 565 мянга болгоод зогсохгүй, гаалийн албан татварыг 10 хувь болгож нэмэх тогтоолын төслийг Улсын их хуралд өргөн барьж болзошгүй талаарх мэдээллийг эх сурвалж дамжуулж байна. Сангийн сайд Б.Болор болон албаны хүмүүс “Энэ бол бөөний үнэд тавьж буй татвар” хэмээн булзааруулж байгаа ч нефть импортлогчид “Бүх зардлаа шингээгээд нэг тонн дизель түлшийг 1450 төгрөгрөөр авч бай­гаа. Энэ тогтоол батлагд­вал 1800 авах болох нь” гэж мэдэгджээ. Энэ тохиолдолд бензин, түлшний жижиглэнгийн үнэ дор хаяж 400 төгрөгөөр нэмэг­дэж 2200 болвол гайхах хэрэг алга.

Монголд нэг өссөн үнэ хямдардаггүй гэдгийн тод жишээ энэ. Шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэхэд л захын хуушуурны үнэ 100 төг­рөгөөр өсч, автобусны тасалбар 300 биш 500 төг­рөг болдог жишигтэй. Үндэсний нэг томоохон компани дампуурахад 500-5000 ажлын байр, түүнийгээ дагаад гэр бүл үр хүүхдийнх нь гээд олон айлын ирээдүй бүрхэг болдог. Улмаар тэдний авсан орон сууцны, ахуйн хэрэглээний гэх мэт олон зээлүүд төлөгдөхөө больж чанаргүйд тооцогдоно. Цаашлаад Монголд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний банкууд сөхөрнө. Ингэхээр цаашаа гин­жин хэлхээ хэрхэн үргэл­жилж, юу болох нь тодорхой.

Дэлхийн эдийн засгийн хямрал зэс, нүүрс, газ­рын тосны үнийг хамгийн доод төвшинд нь хүргээд байна. Газрын тосны үнэ унаж буй нь улс орнуудад шатахууны үнэ хямдрах шалтгаан боллоо. Томоохон импортлогч улс орнууд тээврийн хэрэгс­лийн илүү үр ашигтай ажиллагааг шүтэж эхэл­лээ. Яг л гар утас шиг гэртээ цэнэглээд л ажилдаа унаад явдаг тээврийн хэрэгслүүд удахгүй нийтийн хэрэглээ болох дуу­лиан ч энэ зуур бас дэгдээд байна. Үүнийг дагаад хойд хөршид маань нэг литр шатахуун манайхаар бол 1000 төг­рөгт багтаж байна.

Ингэж бараа бүтээгдэхүүн хямдарч, хямрал газар авч байгаа боло­хоор дэлхийн улс орнууд иргэдээ татварын урамшуулал, татварын буцаан олголтоор дэмжиж байна. Хятадад л гэхэд жижиг, дунд бизнесүүдээ НӨАТ-аас чөлөөлсөн турш­лага байна. Харин манайд шатахууны Засгийн газар нь өсгөж, иргэд, бизнесүүдийнхээ өөдөөс хямралыг “өрдөх” нь. Энэ хачин ч гэмээр, сэ­жигтэй ч гэмээр үйлдэл “Мөнгө нь багтаж ядсан гадны томоохон корпорациудыг Монголд орж ирж дураараа дургиж дун чөмгөөрөө жиргэн байгалийн баялгийг нь хуу цөлмөх таатай боломж, үндэс суурийг нь бэл­дэж байж ч мэдэх юм. Монгол хүний ой ухаанаас гарахаар шийдвэр биш байна” гэж учир мэдэх хүмүүс ярьцгааж байгааг ч сануулчих нь зүйтэй. Уг нь ядарсан түмэндээ зөв бод­логоор айхтар нэмэр бол­доггүй юм гэхэд ядаж ачаа нэмж, нэрмээс болохгүй бол сайнсан.

Ж.ЦОГЗОЛМАА

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж