Санамж бичиг байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Санамж бичиг байгуулжээ

Монгол Улсын Хөдөлмөрийн яам "Оюутолгой" компани, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-тэй 2019 он хүртэл хамтарч ажиллахаар байгуулсан Санамж бичигт өнөөдөр Төрийн ордонд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, "Оюутолгой" ХХК-ийн ерөнхийлөгч Эндрю Вүүдлий, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Улрике Эбелинг нар Төрийн ордонд гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурж баталгаажсан уг Санамж бичгийн зорилго нь Монгол Улсын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг аж үйлдвэрийн эрэлт хэрэгцээ, олон улсын стандартад нийцүүлэх, түншлэл, хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх бөгөөд энэ хүрээнд Дорнод, Дархан-Уул, Өмнөговь аймаг дахь политехник коллежуудад түшиглэн тодорхой мэргэжлээр “Чадамжийн төв” байгуулах ажлыг хийнэ. Тухайлбал, Дорнод аймаг дахь политехник коллежид үйлдвэрлэлийн механик, хүнд машин механизмын засварчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон байгаль орчны хамгааллын чиглэлээр, Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежид  цахилгаан, уулын ашиглалт, мехатроникийн чиглэлээр, Өмнөговь аймаг дахь Политехник  коллежид  гагнуур, үйлдвэрлэлийн механик, автомашины  механик,  хүнд машин механизмын операторын мэргэжлийн чиглэлээр “Чадамжийн төв”-үүдийг байгуулахад талууд хамтран  ажиллах юм  

Энэ дагуу Хөдөлмөрийн яам сонгосон мэргэжлийн хүрээнд сургалтын үйл ажиллагаа болон хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, аж ахуйн нэгжийн ажилтан, инженер техникийн ажилтнуудыг чадавхижуулах сургалтын үйл ажиллагааг дэмжихдээ сургалт зохион байгуулах болон  багш, суралцагчдыг байрлуулах байр, томилолтын зардал,   бусад  зохион байгуулалтын үйл ажиллагааг удирдамжаар хангах үүрэг хүлээж байгааг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан танилцуулсан. Мөн хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь ч Хөдөлмөрйин яамны үүрэг юм байна.

Харин Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг политехник коллежууд дахь “Чадамжийн төв”-д сонгосон мэргэжлийн хүрээнд мэргэшлийн түвшний тогтолцоог хэрэгжүүлэх, хөндлөнгийн үнэлгээ хийх, үйлдвэрлэлийн дадлага сургалтын орчинг бий болгох, Бүсийн арга зүйн төвтэй хамтран  багш нарыг мэргэшүүлэх, мэргэжил арга зүйгээр хангахад хамтран ажиллах, Дархан-Уул аймаг дахь  Политехник коллежид  мехатроникийн  мэргэжлийн чадамжид суурилсан хөтөлбөрийг сургалтын үйл ажиллагаанд  нэвтрүүлэхийн зэрэгцээ Дархан-Уулд цахилгаан, мехатроникийн чиглэлээр хоёр, Дорнод, Өмнөговь аймагт механикийн чиглэлээр тус тус нэг  нийт дөрвөн  зөвлөхийг төслийн хугацаанд томилон ажиллуулахаар болж буй юм. Түүнээс гадна чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, сургалтын багцыг сонгосон  мэргэжлээр шинэчлэн боловсруулж, Бүсийн арга зүйн төвүүдэд түгээн, мэргэжил арга зүйгээр хангахад туслах үүргийг хүлээж байгаа аж.

“Оюутолгой” ХХК-ийн хувьд төслийн хүрээнд хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээг санхүүжүүлэхийн хамт Дорнод аймаг дахь Политехник коллежид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  чиглэлээр үйл ажиллагааг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлж, сонгосон мэргэжлийн чиглэлээр тоног төхөөрөмжөөр хангах үүргийг Санамж бичгээр хүлээж байна.

ЭХ СУРВАЛЖ: ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж