АСЕМ-ын гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцож байна

2015 оны 11 сарын 5

Ази, Европын уулзалт (АСЕМ)-ын Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар уулзалт Люксембургийн Их Гүнт Улсад 11 дүгээр сарын 5-ны өдөр эхэллээ. “АСЕМ: Тогтвортой, аюулгүй ирээдүйн төлөө хамтын ажиллагаа” сэдвийн дор хоёр өдөр үргэлжлэх энэхүү хуралдаанд Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

ОХУ, БНХАУ, БНФУ, БНСУ, ХБНГУ, БНЭУ, Европын Холбоо, АСЕАН зэрэг Ази, Европын гишүүн нийт 53 орноос Гадаад хэргийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын түвшинд тус хуралдаанд оролцож байгаа нь энэхүү арга хэмжээний ач холбогдлыг харуулж байна. Ирэх онд АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг эх орондоо хүлээн авах манай улс арга хэмжээний гол зочдын нэг болж байгаа юм. 

Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн Люксембургийн Их Гүнт Улсад 11 дүгээр сарын 04-ний өдөр хүрэлцэн ирж, Европын Комиссын Гадаад хэрэг аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Ф.Могерини, Европын хөрөнгө оруулалтын банкны захирал Б. Хойер нартай тус тус уулзав. Мөн тэрээр Ази, Европын сангаас зохион байгуулж буй Залуу удирдагчдын уулзалтад оролцсон төлөөлөгчидтэй уулзав.

Сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдлийг бууруулах менежмент ба тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөр, Ази, Европын Холбоо ба АСЕМ-ын ирээдүй зэрэг хуралдаанд оролцож үг хэлэхээс гадна хоёр талын уулзалтууд хийнэ.

Хуралдааны хоёр дахь өдөр манай улс өөрийн үндэсний урлаг, өв соёлыг нийт зочид, төлөөлөгчдөд сурталчлах Монголын соёлын арга хэмжээг зохион байгуулах юм.

АСЕМ нь Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд, иргэний нийгэм, бизнес эрхлэгчдийн сонирхсон асуудлаар санал солилцож, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр нь болдог юм.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна