148.590 тэрбумын гэрээ зурагджээ

2015 оны 11 сарын 5

Засгийн газраас долоо хоног бүрийн пүрэв гаригт зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад Шадар сайд Ц.Оюунбаатар оролцож, мэдээлэл хийлээ.


Монгол, Хятадын анхдугаар экспо өнгөрсөн аравдугаар сарын 23-27-ний өдрүүдэд Өвөр Монголын Өөртөө засах орны Хөх хотод болж, Монгол Улсын Засгийн газраас Шадар сайд Ц.Оюунбаатар, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарын 900 орчим төлөөлөгч оролцсон. Хоёр жил тутамд зохион байгулах уг экспод Монгол Улс амжилттай оролцсоныг мэдээллийнхээ эхэнд онцлов. Шадар сайд энэ тухай “Хамтарсан экспод хөнгөн үйлдвэр, хувцас, барилгын материал үйлдвэрлэл, эрчим хүч, аялал жуулчлалын төслүүд тун амжилт арвинтай оролцлоо. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын компанитай хамтран нүүрсийг угааж, баяжуулан экспортлох гэрээнд гарын үсэг зурлаа. Мах махан бүтээгдэхүүний салбарт Монголын нийт 12 компани хятад түнштэйгээ гэрээ байгуулсан. Эхний ээлжинд туршилтаар 1000 хүртэлх тн мах, махан бүтээгдэхүүн экспортлохоор талууд тохиролцож чадлаа. Мөн хоёр тал хамтын ажиллагааны 166 гэрээ хэлэлцээр байгуулж, хамтын ажиллагааны төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь 148 тэрбум 590 сая юаньд хүрсэн” гэсэн юм.

Хоёр дахь анхаарал татах асуудал нь газар хөдлөлттэй холбогдлоо. Улаанбаатар хотоос 200-400 км-ын тойрог буюу Булган аймгийн Могод, Дундговь аймгийн Дэрэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд газар хөдлөлтийн идэвхтэй голомт байдаг аж.  Дээрх бүс нутагт газар хөдлөлтийн аюулыг амжиж анхааруулах системийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2012-2014 онд ашиглалтад оруулжээ. Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулдаг дадлага сургуульд сүүлийн 4 жилд 21 аймаг, 330 сум, 9 дүүрэгт гамшгаас хамгаалах 271 алба, 564 мэргэжлийн анги, 1590 аж ахуйн нэгж, байгууллагын нийт 2.4 сая орчим хүн оролцсон байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн орон сууцны 3133 барилга байгаа бөгөөд 413 барилгад газар хөдлөлт тэсвэрлэх байдал, чанарыг шалгах үзлэг шалгалт хийж паспортжуулан, мэдээллийн санд оруулжээ. Газар хөдлөлтөд тэсвэргүй 166 барилга байгаагаас 85 барилгыг дахин төлөвлөхөөр болж, 42-ыг нь буулган шинэчилж байгаа бол 74 барилгыг хүчитгэн ашиглах боломжтой гэж үзжээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар төрийн өмчийн 656 сургууль, 686 цэцэрлэгийн барилга ашиглалтын төлөв байдалд үзлэг хийж газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ аваагүй 78 сургууль, 103 цэцэрлэгийн барилга байгааг тогтоосон аж. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 27 сургууль, 51 цэцэрлэгийн барилга шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарчээ. Дүгнэлтийг үндэслэн 9 цэцэрлэгийг буулган шинэчлэн барьж, 8 цэцэрлэгийг буулгаж шинээр барихаар төлөвлөж, 4 цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, 6 сургуулийн барилгыг буулган шинээр барьж, 4 сургуулийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Цаашид газар хөдлөлтийг бүртгэх станцуудыг нэмж байгуулах, зарлан мэдээллийн дохио дамжуулах цамхагийг 40-өөр нэмэгдүүлэх, аймгийн төв, томоохон хот суурин газрын газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг ирэх онд хийж дуусгах, барилгын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, гамшиг тохиолдсон үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх, түр байрлуулах хоргодох байр, цугларах талбай зэргийг төлөвлөж баталгаажуулах зэрэг ажлыг хийх шаардлагатай байна гэж Шадар сайд хэллээ.

Өвөлжилтийн тухайд энэ зун нийт 70,6 сая мал зуссан. Урьдчилсан байдлаар 56 сая мал өвөлжинө. Шаардлагатай өвс хадлан, тэжээлийг базаажээ.

Цаг агаарын урьдчилсан  мэдээгээр арваннэгдүгээр сард Алтай, Хангайн нуруугаар, 12 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас их хэмжээний цас орох төлөв гарсан байна. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв өвөлжилтийн бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд гарах хүндрэлээс сэргийлэх зорилгоор зудын гамшигт өртөж болзошгүй бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настан иргэд, отроор явах малчдын судалгааг гарган, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, жолооч нарыг дулаан хувцас, хэрэгслээр хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, ороох боох материалын нөхөн хангалтыг бүрдүүлэх ажлыг хийж байгааг энэ үеэр тодотголоо.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна