Төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2015.11.05. Пүрэв гараг/ хуралдаан 10 цаг 29 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулсан юм. Ингэснээр санал хураалтын явцад дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Мөн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд өөрчлөлт оруулах, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувиргасан амьд организмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд, биржийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн зарим заалтын хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.10.01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн / Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийлээ.

2003 онд батлагдсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” нь хоёр үе шаттайгаар буюу 2003-2008, 2009-2015 гэсэн үе шаттайгаар хэрэгжин дуусч байгаатай холбогдуулан хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дараагийн түвшинд хүргэх бодлогыг боловсруулсан байна.

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг Монгол Улсын газар зүйн байршил, эко систем, дотоодын болон олон улсын зах зээл, дэд бүтэц, техник, технологийн хөгжлийн чиг хандлага, салбар хоорондын уялдаа холбоо зэрэг олон талт хүчин зүйлд тулгуурлаж, салбарын тогтвортой хөгжлийг хадгалан, 2016-2025 оны хооронд 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Бодлогыг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүнүүдээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, хөдөө аж ахуйн чөлөөт бүсээр дамжуулан экспортлогч орон болох, хүнс, хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувийг нэмэгдүүлэх зэрэг эерэг үр дагавар гарна гэж үзсэн байна.

Description: http://openresource.parliament.mn/photo/2015/11/4f227c3f55f57ed83936ab06976faf98/01.jpg

“Ногоон говь” хөгжлийн талаарх мэдээллийг сонсов

Мөн хуралдаанаар Говийн бүсийн усан хангамжийг сайжруулах, цөлжилтыг сааруулах “Ногоон говь” хөгжлийн төслийн талаар холбогдох байгууллагын мэдээллийг сонсов. Төслийн талаарх мэдээллийг Усны барилгын инженер, доктор Ц.Батдорж, “Ногоон говь хөгжлийн төсөл” ТББ-ын зөвлөх-гидрогеологич С.Ганхуяг нар танилцуулсан. Монгол орны хойт гол мөрний усны нөөц элбэгтэй бүсээс усыг инженерийн байгууламжаар дамжуулан, өмнөд говийн усны эрэлт хэрэгцээг хангах, нөхөн сэлбэгдэх нөөц багатай говийн газрын доорхи усны нөөцийг хамгаалах, цөлжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулахад төслийн зорилго оршиж байгаа аж.

Говийн бүсийн усан хангамжийг сайжруулж, цөлжилтийг сааруулахад зайлшгүй гадагш урсан гарч буй гол, мөрний усыг ашиглах шаардлага, хэрэгцээ манай орны хувьд тулгараад байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр тухайн бүс нутгийн усны эргэлт, хэрэгцээг хангаад зогсохгүй газар тариалан, ногоон байгууламж, нуур, цөөрмийг олноор байгуулж тухайн бүс нутгийн цөлжилтийг сааруулж “Ногоон хөгжлийн бодлого”, “Ус” үндэсний хөтөлбөр биелэх цаашлаад НҮБ-ийн цөлжилтийн эсрэг конвенцийг Монгол Улс дэмжиж буй томоохон илэрхийлэл болно гэдгийг танилцуулгад дурдлаа.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ч.Хүрэлбаатар, Х.Баттулга, Су.Батболд нар асуулт асууж, санал хэлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар “Ногоон говь” хөгжлийн төслийн талаарх мэдээллийг хангалтгүй байна гэж дүгнээд техник, эдийн засгийн үндэслэлээ Засгийн газарт танилцуулж төслийг дахин сайтар боловсруулан оруулж ирэх нь зүйтэй гэж үзлээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж