Сагсан бөмбөгийн залуучуудын УАШТ болно

2015 оны 11 сарын 5

Сэтгүүлч:
Улаанбаатар

-19 хүртэлх насны залуучуудын УАШТ арваннэгдүгээр сарын 9-16-ны өдрүүдэд Спортын төв ордонд болно-

Сагсан бөмбөгийн нэрт тамирчин, алдарын танхимын гишүүн Д.Даваахүүгийн нэрэмжит 19 хүртэлх насны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх долоо хоногт эхлэх гэж байна. Тус тэмцээнд 1996 оноос хойш төрсөн тамирчид тоглох бөгөөд хот, аймаг, дүүрэг, клуб, их, дээд сургуулиудын нийт эрэгтэй 20 баг, эмэгтэй 8 баг оролцохоор бүртгүүлээ ирүүлжээ.

Ирээдүйн шилдэг баг, тамирчид төрөн гардаг энэхүү тэмцээн арваннэгдүгээр сарын 9-16-ны хооронд Спортын төв ордонд болно.

Тэмцээнийг Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо зохион байгуулж байгаа бөгөөд Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбооны шүүгчид шүүн явуулах юм.

Тэмцээнд эхний 3 байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй баг тамирчдыг цом болон алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулна. Мөн байрлал бүр дээр “Шилдэг гарааны таван тоглогч”-дыг тодруулж, улмаар 19 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй улсын шигшээ багуудыг байгуулан, цаашид олон улсын тэмцээн, уралдаануудад оруулах зорилготой ажиллах юм байна.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна