Сонгуулийн хууль нэг алхмаар урагшиллаа

2015 оны 11 сарын 6

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг боловсруулсан юм.

Мөн Засгийн газар УИХ-ын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжжээ. Эл төслийг МАН боловсруулахдаа 20 гаруй улс төрийн намын төлөөллийн саналыг тусгасан юм.

Сонгуулийн тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийн зохицуулалтыг бүгдийг тусгаж өгсөн бол УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зөвхөн парламентын сонгуультай холбоотой заалт туссан.

Хуульд зааснаар Засгийн газар хуулийн төсөлтэй холбоотойгоор төсөл санаачлагчид санал дүгнэлтийг ирүүлсэн нөхцөлд хуулийн төслүүдээ УИХ-д өргөн мэдүүлэх боломж бүрддэг. Энэ утгаар нь харвал Сонгуулийн хууль нэг алхмаар урагшилж, төсөл санаачлагчид хуулийн төслүүдээ УИХ-д өргөн мэдүүлэх боломж бүрдэж байна. 

УИХ Сонгуулийн хуулийг өөрчлөх тохиолдолд сонгууль болохоос зургаан сарын өмнө гар хүрч баталсан байх ёстой. 2016 он гарахад 2 сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Дээрх хугацааг ашиглаж, УИХ Сонгуулийн хуулийг өөрчлөхөөр зүтгэж мэдэхээр байна.


УИХ-аас байгуулагдсан Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн төсөлд дараах зохицуулалтууд туссан юм.

1. 48х28 буюу одоогийн холимог тогтолцоогоо хадгалах

2. УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг хамт нэг өдөр зохион байгуулах

3. Сонгуулийн санхүүжилт, хандивын үйл ажиллагаа “Шилэн данс”-ны зохицуулалтад орно

Үүнд сонгуульд өрсөлдөх улс төрийн нам, нэр дэвшигчийн санхүүжилтийг тодорхой болгох зорилгоор хандивлагч хувь хүн болон хуулийн этгээдийн өгөх хандивын хэмжээ, нэр хаягийг тодорхой зааж өгч, хяналтыг Аудитын байгууллага тавихаар тусгасан. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Сонгуулийн ерөнхий хороо хяналт тавьдаг.

4. Нэр дэвшигчийн хувиасаа гаргасан зардлаа ч тайлагнана.

Сонгуулийн зардлын тайлангаа цаг хугацаандаа гаргаж өгөөгүй, ташаа тайлагнасан, эсвэл сонгуульд оролцохынхоо өмнө намынхаа санхүүжилтийн тайланг худлаа мэдээлсэн бол тухайн намыг сонгуульд бүртгэж авахгүй гэх мэтчлэн зохицуулалтууд туссан.


УИХ-ын гишүүн Су.Батболд нарын боловсруулсан УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах зохицуулалтыг багтаажээ.

  1. Сонгуулийн тойргийг нэг мандат бүхий 48 тойрог байхаар өөрчилж, нам, эвсэл УИХ-ын сонгуульд 48-аас илүүгүй хүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан тойрогт нэр дэвшүүлж, тойргийн дугаараар эрэмбэлнэ.

  2. Сонгууль хоорондын бүрэлдэхүүнийг зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар бүрдүүлж байсныг өөрчилж, тухайн тойрогт нэр дэвшигчээ дэвшүүлсэн улс төрийн нам, эвслийн төлөөллийг тэгш оролцуулан томилохоор тусгасан байна.

  3. Сонгуулийн хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон хуралдаанаас гаргасан тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргын аль нэг нь гарын үсэг зураагүй нь уг тогтоолыг хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй гэх зохицуулалтыг туссан.

  4. Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийн санал өгөх боломжийг нэмэгдүүлж цахим хэлбэрээр бүртгүүлэх, саналаа өгөх зохицуулалтыг тусгасан.

  5. Санал тоолох автомат төхөөрөмжөөс гарсан дүнг гар аргаар давхар тоолж баталгаажуулах бөгөөд саналын хуудсыг гар аргаар тоолж байгаа процессыг илүү хяналт, ажиглалт дор явуулах, техник хэрэгсэл ашиглан дэлгэцээр шууд ажиглагч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад ил тод нээлттэй харуулах зохицуулалтыг тусгасан.

  6. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах хариуцлагыг холбогдох зүйл, заалтад оруулсан.  

  7. Сонгуультай холбоотой маргаан гомдол, нэхэмжлэлийг тухайн нутаг, дэвсгэрийн харьяалах захиргааны хэргийн шүүх зөвхөн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх, энэ шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх тус бүр 21 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна