Хотынхоо бохирыг ашиглавал "алт" болно

2015 оны 11 сарын 6

Барилга баригдах тоолонд инженерийн шугам сүлжээ нэмэгдэж, тэр хэрээр бохирдлын хэмжээ нэмэгддэг. Бохироо ямар технологи ашиглаж, эргэлтэнд оруулах вэ гэдгээ шийдэж чадахгүй Монгол Улсын нийслэл өнөөдөр өмхийд утагдан сууна. Олон улсад бол бохирыг "бор алт" гэж өргөмжлөн технологийн дэвшил ашиглан бохирдол ус, лагаар эрчим хүч, дулаан үйлдвэрлэдэг. Мөн тухайн хотынхоо ногоон байгууламжид бордоо болгон ашигладаг байгаа юм. Өөрийн улсын уур амьсгал, орчин нөхцөлдөө тохирсон технологи, аргачлалыг  сонгоод нутагшуулчихвал "бор алт"-аа ашиглаж, эдийн засгийн хэмнэлт хийх боломж Монгол Улсад ч байгааг эрдэмтэд тодотгов. Жишээлбэл, төв цэвэрлэх байгууламжид хоногт 700 орчим килограмм өтгөн лаг, 180 мянган метр куб бохир ус очдог. Дээрх бохирдлоо ариутгахын тулд сард 170 сая орчим төгрөгийн цахилгаан ашигладаг байна. Өдөр бүр ирдэг бохир өтгөнөө орчин үеийн технологи ашиглан эрчим хүч болгож чадвал сар бүр гардаг эрчим хүчнийхээ зардлын 35-40 хувийг хэмнэх боломжтой аж.

Өөр нэгэн жишээ. Энэ салбарын эрдэмтэд ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийн зөөж асгадаг байсан бохирыг, сургуулийн хашааных нь ногоон байгууламжид бордоо болгон ашиглажээ. Энэ туршилт амжилттай хэрэгжсэн байна. Харин гэр хорооллын нүхэн жорлонгийн бохирдлыг өтгөн, шингэнээр ялган тогтмол хугацаанд соруулж, бордоо, эрчим хүч, дулаан зэрэг үйлдвэрлэхэд ашигладаг байх нь хамгийн зөв гарц гэнэ. Энэ мэтчилэн улсынхаа хөрсөнд буух технологийг зөв сонгож, шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж чадвал өмхий үнэртэй өтгөн, шингэн бохирдлоо мөнгө болгох арга Монгол эрдэмтэд байна.

Одоогоор Монгол Улсын 13 аймаг 31 сум инженерийн нэгдсэн шугам сүлжээтэй. 2030 он гэхэд тогтвортой хөгжил хөтөлбөрийг хэрэгжүүлж, 21 аймаг 330 сумыг инженерийн шугам сүлжээнд холбож, бохирдолыг нь бүтээгдэхүүн болгон ашиглах, цэвэрлэх байгууламжуудыг барина гэсэн төлөвлөгөө Барилга хот байгуулалтын яамнаас боловсруулжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна