Тусгай хамгаалалтаас гаргана

2015 оны 11 сарын 6

Монгол Улсын нийт газар нутгийн 17.4 хувь нь тусгай хамгаалалтад байдаг аж. Уран байгаль, өвөрмөц төрх, тогтоц, газарзүйн онцлог, нөөц баялгаараа улсын тусгай хамгаалалтад орсон Богд хан, Хөх сэрхийн нуруу, Говийн их дархан газраас эхлээд тоотойхон газар бий. Тэгвэл сүүлийн жилүүдэд Богд хан уулын зарим хэсгийг улсын тусгай хамгаалалтаас гаргах асуудал яригдах болсон. Харин энэ асуудалд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг дараах тайлбарыг өглөө.

Түүний хэлж буйгаар нэгэнт суурьшлын бүс үүсчихсэн, иргэд хэдэн сая, тэрбумаар яригдах байр, орон сууц барьсан газруудын хуулийн зөрчлийг арилгах үүднээс хийж буй ажил гэв. Энэ хүрээнд Богд хан уулын 3000 гаруй га газрыг улсын тусгай хамгаалалтаас гаргах асуудал яригдсан байна. Зөвхөн суурьшлын бүс үүссэн учраас ийм асуудал хөндсөн гэв. Түүнээс биш эко системийнх нь хувьд тусгай хамгаалалтаас хасч буй явдал биш гэж тайлбарлалаа.

Зөвхөн Богд хан уул ч биш, Хэнтий аймгийн Дадал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт, Хөвсгөл аймгийн Ханх зэрэг газруудад энэ асуудал хөндөгдөж байгаа юм. Эдгээр газруудад суурьшлын бүс нэгэнт үүссэн шалтгаанаар тусгай хамгаалалттай газраас хассан гэв.

Тэгвэл үүнээс гадна ойрын хугацаанд тусгай хамгаалалттай газруудыг нэмэхээр болжээ. Тусгай хамгаалалттай дөрвөн газрыг тэлж, томруулахаар болсон байна. Мөн нэмээд дөрвөн газрыг шинээр улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөжээ.

Дашрамд дуулгахад, Монгол Улс нийт нутгийнхаа 30 хүртэл хувийг тусгай хамгаалалтад авахаар зорьж байгаа гэв. Харин одоогоор нийт нутгийн 17.4 хувь нь тусгай хамгаалалтад байдаг аж.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна