“Их хотын залуус” олон ангит кино гарч эхлэх гэж байна

2015 оны 11 сарын 6

“Боловсрол суваг” телевиз, “Эмоци” продакшны уран бүтээлчид “Их хотын залуус” 40 ангит инээдмийн киногоор та бүхэнтэй учран золгож байна. Анги бүртээ шинэ, онц сонирхолтой үйл явдлыг өгүүлэх тус олон ангит кино нь залуусын хайр дурлал, алдаа, оноо, өнөөдрийн нийгэм, цаг үеийн бодит байдлыг инээдмийн хэлбэрээр илэрхийлэн гаргаснаараа онцлогтой болжээ.

“Их хотын залуус” олон ангит кинонд “Боловсрол суваг” телевизийн өмнөх уран бүтээлүүд болох “Гурван найз”, “Хөгжилтэй гэр бүл” олон ангит киноны уран бүтээлчдийн баг болон ерөнхий найруулагч Сувидын Баттулга нар дахин хамтарч ажиллалаа. Баг хамт олны хувьд мэргэжлийн, олны танил, туршлагатай уран бүтээлчдийг сонгосноос гадна хамтран ажиллагч байгууллагууд урлаг соёлыг дэмжигчид байсан учраас зураг авалт амжилттай өндөрлөж ийнхүү үзэгчдийн хүртээл болох гэж байгаа юм.  

“Их хотын залуус” олон ангит киноны гол дүрүүдийг “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, Д.Түвшинтөр, Г.Нарансолонго, Б.Ариунцэцэг, Г.Эзэнмөнх “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Ганбаяр, жүжигчин Г.Ундармаа, Д.Оюунтуул, жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ, УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг нар бүтээжээ. Мөн МУАЖ Г.Мягмарнаран, МУАЖ Ж.Лхамхүү, “Мөрөөдлийн театр” продакшны жүжигчин Д.Баттөмөр, Г.Алтаншагай гэх мэт олны танил жүжигчид тус кинонд оролцон тоглосноороо ихээхэн онцлогтой болсон байна.  

Уг киноны “Дурлал минь чи” дууг “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа болон дуучин Б.Маралжингоо нар хамтран дуулжээ. Мөн сүүлийн үед уран бүтээлийнхээ хийц, онцлогоор залуусыг байлдан дагуулж буй шинэ залуу хамтлаг болох “Lego”, рэппэр Номин нар хамтран “I Do…” хэмээх дууг “Их хотын залуус” олон ангит кинонд зориулан дуулсан байна.      

Энэхүү олон ангит киноны ивээн тэтгэгч, хамтран ажиллагчаар “Мобиком” корпораци, “Таван Богд Трейд” ХХК,  “Некст Электроникс” ХХК, “Ай энд Эр Монголиа” ХХК ажилласан юм. “Боловсрол суваг” телевизтэй хамтран ажиллагч байгууллагууд нь урлаг соёлыг тууштай дэмжиж, кино урлагийн онцлог, түүний үр нөлөөг ойлгон хамтарч ажилладагт талархууштай бөгөөд төдий чинээгээр нийгмийн чиглэлийн үйл ажиллагаандаа анхаарал хандуулж байгааг дурдах нь зүйтэй юм.

Залуусын амьдралын үнэ цэнэтэй мөчүүд, тэдний алдаж оносон адал явдлууд, сонирхолтой түүхийг өгүүлэх “Их хотын залуус” олон ангит инээдмийн киногоо 11-р сарын 09-өөс “Боловсрол суваг” телевизээр хүлээн авч үзээрэй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна