20 удаа малын гоц халдварт өвчин гарчээ

2015 оны 11 сарын 6

Он гарсаар улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт гурван төрлийн өвчин 20 удаа гарсан байна. Үүний гурав нь шүлхий, 16 нь хонины цэцэг, нэг нь гахайн мялзан байжээ.

Мөн халдварт найман төрлийн өвчний 155 тохиолдол гарч 20 аймагт давхардсан тоогоор 140 суманд 170 гаралт бүртгэгдсэн байна.  

Тухайлбал, Ховд аймгийн Булган, Үенч суманд шүлхий өвчний дөрөв, Сүхбаатар аймгийн Уулбаян суманд нэг, Баян-Өлгий аймгийн Алтай суманд гурван тохиолдол бүртгэгдсэн. Хамгийн сүүлд Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт гарсан шүлхийгээр 19 өрхийн 18 үхэр, 62 хонь, 10 ямаа, нийт 90 мал өвчилжээ.

Нэгдүгээр ээлжийн урьдчилан сэргийлэх тарилга энэ сарын 1-нээс эхэлсэн байна. Одоогоор 89 мянга гаруй малыг хамруулсан гэх мэдээг албаныхан өгөв.

Энэ онд нийт 3.0 сая тун вакцин худалдан авч эхний хэсгээр нь зургаан аймгийн 43 сумын давхардсан тоогоор 3.4 сая толгой малыг вакцинжуулжээ. Энэ сарын эхний долоо хоногт багтаан гурван аймгийн 25 сумын 2.5 толгой малыг вакцинжуулж дуусахаар ажиллаж байгаа аж.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна