Европт ирэх цагаачдын тоо гурван саяд хүрнэ

2015 оны 11 сарын 6

 

Ирэх 2017 он гэхэд Европт ирэх цагаачдын тоо гурван саяд хүрэх тооцоог Европын комиссоос гаргажээ. Цагаачдын энэ их урсгал Европын холбооны эдийн засагт бага боловч эерэг нөлөө үзүүлж байгааг албаныхан мэдээлсэн байна. Европын комиссын тооцоолсноор цагаачдын урсгал Европын холбооны хүн амыг 0.4 хувиар нэмэгдүүлэхийн зэрэгцээ ДНБ-ийг /дотоодын нийт бүтээгдэхүүн/ 0.2-0.3 хувиар өсгөж байгаа аж.

 

Европыг зорих Сирийн дүрвэгсдийн тоо буурах янзгүй байгааг НҮБ-аас мэдээлсэн байна. Мөн Ирак, Афганистан, Эритрей, Сомалигаас цагаачид Европыг зорих нь нэмэгдсээр байгаа аж. Энэ өвөл Турк улсаас Грекийг зорих цагаачдын урсгал өдөрт 5000 орчим байхыг НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллага мэдээлжээ. Үүний зэрэгцээ Европын холбоо Грекээс ирсэн Сирийн дүрвэгсдийн зарим хэсгийг Люксембургт дахин суурьшуулах ажлыг лхагва гаригт /XI.4/ эхлүүлсэн байна.

 

НҮБ-аас мэдээлснээр энэ онд Европын холбоонд 750 мянга гаруй цагаач ирсэн бол өнгөрсөн 2014 онд 282 мянга байжээ. Цагаачдын 90 гаруй хувь нь Грек, үлдсэн нь Итали улсаар дамжин Европын холбооны бусад орнуудад ирсэн байна. Герман улс энэ онд  800 мянган цагаачийг хүлээн авахаа мэдэгдсэнээс хойш дүрвэгсдийн урсгал тус улсыг чиглэх нь нэмэгджээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна