ОХУ-д “Боинг-737” онгоцны сертификатыг цуцалжээ

2015 оны 11 сарын 6

 

ОХУ-ын агаарын тээврийн компаниудад ашиглагдаж буй Боингийн 737 загварын бүх онгоцны сертификатыг цуцалсан байна. ОХУ дахь Улс хоорондын иргэний агаарын тээврийг хянах комиссоос “Боинг-737” онгоцнуудын аюулгүй байдлыг шалгах үүднээс түр түдгэлзүүлээд байгаа нь энэ аж. АНУ-ын холбооны нисэхийн агентлаг болон ОХУ-ын Росавиация хамтран “Боинг-737” онгоцонд аюулгүй ажиллагааны батламж өгөх хүртэл сертификатыг түдгэлзүүлсэн байна. Гэсэн ч Оросын “S7” компани “Боинг-737” онгоцоор нислэгээ үргэлжлүүлэхээ мэдэгджээ. “Боинг-737” онгоцыг ОХУ-ын томоохон агаарын тээврийн компаниудын ихэнхи нь ашигладаг байна.

 

Харин Росавиациягийн зүгээс өнөөдөр /XI.6/ Улс хоорондын иргэний агаарын тээврийг хянах комиссын албаныхантай уулзалт хийхээр болсон ч тэднийг онгоцны хэрэглээг хориглох эрхгүй гэж мэдэгджээ. Москвад төвтэй Улс хоорондын иргэний агаарын тээврийг хянах комиссын сертификатыг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан олон орны агаарын орон зайд хэрэглэдэг байна.

 

Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ асуудлыг Кремль анхааралдаа авсан байгаа ч одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийх боломжгүй байна хэмээжээ.

 

Оросын “Airbus 321” онгоц Египетийн Синайн хойгт унаж 200 гаруй хүн амь үрэгдсэн ослын шалтгаан одоо болтол бүрэн тодроогүй байгаа ч техникийн шалтгаантай байх магадлал өндөр байгаа юм. “Airbus 321” онгоц нь “Боинг-737”-той нэлээд төстэй аж.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна