Хятад тэрбумтнуудаараа тэргүүлэв

2015 оны 11 сарын 6

 

Өнгөрсөн жилтэй харьцуулахад Хятадын тэрбумтнуудын тоо 242-оор нэмэгдэж, энэхүү үзүүлэлтээрээ анх удаа АНУ-ын урд орсныг жил тутам хэвлэгдэн гардаг Hurun Report нийтэлжээ. Тодруулбал, Хятадын нийт тэрбумтнууд 596 хүрсэн бол, АНУ-ын тэрбумтнууд 537 байна.

 

Hurun Report-ийн захирал Руперт Хүүжверф хэлэхдээ "Хятад Улсын эдийн засагт учирч буй удаашралаас үл хамааран энэ улсын баячууд бусад аль ч улсын чадаагүй амжилтыг энэ жилд үзүүлж рекорд тогтоолоо хэмээн хэлжээ".

 

 

Эдгээр тэрбумтнуудыг тэргүүлж буй Ванда Группын эзэн Ван Жианлин нь Шанхайд олон салбар бүхий кино театруудыг эзэмшдэг бөгөөд өөрийн бизнесийг өргөжүүлэхийн тулд “World Triathlon” корпорацийн эзэмшдэг спортын нэгэн төрөл болох “Ironman” брэндийг 650 сая ам.доллароор худалдаж авснаараа өөрийн бизнесийн зэрэглэлийг илүү ахисан түвшинд гаргаж чаджээ.

 

 

Энэхүү гэрээг үзэглэснээрээ Ванда групп нь дэлхийн хамгийн том спорт компани болоод байгаа гэнэ.

 

 

Харин хоёрдугаар байранд явж буй Алибаба группийн үүсгэн байгуулагч Жак Ма гэхэд л өөрийн хөрөнгийн хэмжээгээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд 52%-иар ихэсгэж, 34,4 тэрбум ам.долларт хүргэжээ.

 

 

Бас нэгэн гялалзаж яваа тэрбумтан бол Хятадын Стив Жобс хэмээн нэрлэгдээд байгаа Xiaome корпорацийн эзэн Лэй Жун юм. Түүний хөрөнгө 9,9 тэрбум ам.доллар байгаа бөгөөд жагсаалтын дөрөвт явж байна.

 

 

Түүнчлэн Hurun Report-ийн захирал Руперт Хүүжверф энэ оны эхэнд CNN агентлагт өгсөн ярилцлагадаа “Хятадын олон тооны баячууд өөрсдийн өмч хөрөнгийн мэдээллээ эрх бүхий байгууллагуудаас нуудаг. Hurun Report-ийн чадал одоогоор нийт баячуудын дөнгөж 50%-ийг л илрүүлж чадахаар хэмжээнд ажиллаж байна. Мөн тэдгээр тэрбумтнуудын 15%-ийг олон нийт огтхон ч танихгүй байдаг нь бидний ажилд хүндрэл учруулдаг. Бидэнд мэдэгдэж буй хэсгийг мөсөн уулын орой хэсэгтэй л зүйрлэж болохуйц юм. Ямартай ч бид тэдний “нуусан мөнгө”-ийг олох гэж чадах бүхнээ хийсээр байна гэж ярьжээ.

 

Г.СҮМБЭЭ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна