Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барив

2015 оны 11 сарын 6

УИХ-ын гишүүн Су.Батболд өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Тэрбээр, “Хуулийн төслийг С.Дэмбэрэл, Л.Цог, А.Тлейхан, Ж.Эрдэнэбат, Д.Сумъяабазар болон миний бие санаачилсан. УИХ-ын даргын захирамжаар Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Бид хуулийн төслийг боловсруулах явцдаа УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийнхэнтэй уулзаж ярилцсан ч зарим зүйл, заалт дээр санал нэгдээгүй тул тусад нь өргөн барьж байна.

Бид гол найман асуудалд тулгуурлан хуулиа боловсруулсан. Тухайлбал, иргэдийн саналыг автоматжуулсан системээр тоолсны дараагаар дахин гараар тоолохоор тусгасан. Ингэхдээ ажиглагч болон олон нийтэд нээллтэй байлгах зорилгоор гар тооллогыг ил тод явуулах заалт оруулсан. Мөн Сонгуулийн тойрог, хэсгийн хороодын бүрэлдэхүүний 70 хувийг нам, эвслийн төлөөлөл байх ёстой гэсэн заалт бий. Үндсэн хуулийн дагуу УИХ, Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуулийг тусгайлсан хуулиудаар зохицуулах ёстой. Тиймээс УИХ болон орон нутгийн иргэдийн хурлын сонгуулийг нэг дор зохион байгуулдаг явдлыг болиулахаар тусгасан” хэмээв.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна