“Халхгол” ХАА-н бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив

2015 оны 11 сарын 6

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.11.06/ Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулан тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив.

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын үзэл баримтлалд дурдсаны дагуу 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Халх гол сумын нутагт хорио цээр, технологийн дэглэм бүхий хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүсийг байгуулах тухай УИХ-ын 75 тоот тогтоол батлан, 500 мянган га талбайтай байхаар тогтоосон билээ. Гэвч нутгийн гүн дэх их хэмжээний газар нутагт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулж, гадаад зах зээлд экспортлох үйл ажиллагааг Чөлөөт бүсийн хуулиар зохицуулан онцгой дэглэм тогтоох боломжгүй бөгөөд харин Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн болохоо Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун танилцууллаа.

Уг тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын эрх ашиг хангагдаж, улмаар гадаад худалдааны алдагдлыг бууруулж, хөдөө аж ахуй, хүнсний салбарын зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах эдийн засгийн бодлогын агуулгад нийцэх ач холбогдолтой. Түүнчлэн Дорнод аймгийн Халх гол сумын иргэд болон тус сумын нутагт газар эзэмших зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд Газрын тухай хуулийн дагуу нутагтаа газар өмчлөх, эзэмших, чөлөөтэй зорчих үндсэн эрх нь баталгаажих юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна