Гишүүдийн гаргасан саналыг татаж авчээ

2015 оны 11 сарын 6

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан УИХ-ын гишүүн Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төсөл дээр ажиллах шатанд шүүгчид болоод төрийн байгууллагынхны цалинг хасахгүй хэвээр үлдээхээр шийдсэн байна. Мөн төсвийн алдагдал ДНБ-ийн 3 хувиас хэтрэхгүй байхаар төлөвлөжээ.

Хэлэлцүүлэг эхлэхэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар “Байнгын хорооны хуралдаан дээр бүлгийн гишүүдээс гаргасан саналуудыг татаж авахаар шийдсэн” гэдэг мэдэгдлийг хийсэн нь маргаан дагууллаа.

Ардчилсан намын бүлгийн гишүүд бүлгийн даргынхаа мэдэгдлийг хүлээж авсан бол Ардын намын бүлгийн гишүүд эсэргүүцэв.

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийг төлөөлж Д.Тэрбишдагва гишүүн “Бүлгийн гишүүдээс гарсан саналыг татан авах талаар бүлгийнхээ төвшинд яриагүй учраас боломжгүй” гэдгээ мэдэгдэж, мөн Төсвийн байнгын хороог ажил хэрэгч байдлаар 2016 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэхийг хүссэн.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ч дээрх саналыг дэмжиж, тайлбар хийв. Тэрээр “Төсвийн хуульд ажил хэрэгч байдлаар хандахаас аргагүй. Хэд, хэдэн зүйлийг зарчмын хувьд тохирох шаардлагатай байна. Нэгдүгээрт, Хөрөнгө оруулалтын зардлыг Засгийн газрын оруулж ирснээс нэмэгдүүлэхгүй. Хоёрдугаарт, Зардал дээр нэмж зардал гаргахгүй. Гуравт, Шинэ хөрөнгө оруулалтыг 2016 онд тэвчих. Дөрөвт, 2015 онд концесс болон төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийсэн компаниудад төлбөрийг нь бүрэн өгөх зэрэг дээр тогтоод төсвийн хуулийг хэлэлцэх ёстой. Ажлын хэсэгт орсон хэдэн гишүүн нь төсөв боловсруулах нэрээр ханцуй дотроо наймаалцаж тойрог руу юм хуваарилчихаад, хугацаагаа тулгаж оруулж ирдэг, энэ чинь эргээд эдийн засгийг хүнд байдалд оруулж байна. Ингэж явсаар дампуурлаа. Ажлын хэсгээс оруулж ирсэн зардалд авах юм алга. Шүүхийн зардлыг 7 тэрбумаар нэмнэ, МҮОНРТ-ийн зардлыг 3 тэрбумаар нэмэгдүүлнэ гэж...

Бүлгийн гишүүдийн саналыг татах шийдвэрийг ганц бүлгийн дарга мэдэж гаргадаг юм биш. Бүлгийн дарга гэдэг гишүүдийнхээ гаргасан саналыг багцлаад оруулж ирдэг байх ёстой.

УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд “Хүний өөрийн гишүүдийн гаргасан саналыг яахаараа 2 хүн нийлээд татна гээд шийддэг юм бэ? Хэнээс асуусан юм бүү мэд, бүгдийг татаж байгаа гээд шийдэж болохгүй. Байгаль хамгаалах сан гэх мэтчлэн 1-2 хүний цалинг хасахаа сар ярилаа. Боль л доо. Дахиад бүлгүүд дээрээ яръя. Төсвийг хэдхэн хүн яриад өөрийн аймаг, сумандаа хөрөнгө тавьчихаад амаа хамхидаг байж таарахгүй. Ингэж хэлэлцэхийг эсэргүүцэж байна” гэв.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Бид бүлэг дотроо ярих ёстой. Түр хойшлуулж өгөөч гээд горимын санал гаргаач” гэв.

Төсвийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал нэр бүхий гишүүнээс гарсан ч гишүүдийн олонхи нь дэмжээгүй юм, мөн Ц.Нямдорж гишүүний гаргасан дээр дурдсан саналаар санал хураалгасан ч хуралдаанд оролцож буй гишүүдийн олонхи дэмжсэнгүй.

Энэ үед Ч.Хүрэлбаатар гишүүн “Д.Тэрбишдагва гишүүн ээ, та завсарлага авчих” гэсэн бол Д.Тэрбишдагва гишүүн “Надад завсарлага авах эрх алга” гэсэн хариулт өгөв.

Онцлоход, УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан 100 хувийн ирцтэйгээр үргэлжилж байна. Тодруулбал, байнгын хороонд харьяалагддаг 19 гишүүн бүгд оролцож байгаа юм. Үүнээс гадна тус байнгын хорооны хуралдаанд харьяалалгүй гишүүд ч 2016 оны төсвийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгт ач холбогдол өгч оролцож байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна