Монголчууд морьтон заяат гэдгээ харууллаа

2015 оны 11 сарын 6

 

АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо аравдугаар сарын 31-ны бямба гаригт болсон хурдан морины “Breeders Cup” ДАШТ-д Монгол Улсын манлай уяач Э.Ганбатын уясан, “Макс” группийн ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Ганбаатарын “Mongolian Saturday” морь түрүүлсэн билээ. Тэгвэл өчигдөр манлай уяач Д.Ганбаатар хурдан мориныхоо бай шагналаас 100 сая төгрөгийг асрамжийн газрын 100 гаруй бүтэн өнчин хүүхдэд хадгаламж нээж өгөх болсноо хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.

Энэ үеэр Монголын морин спорт, уяачдын холбоог үндэслэн байгуулагчдын нэг, тус холбооны нарийн бичгийн даргаар 14 ажилласан, түүхийн ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай гуайн сэтгэгдлийг сонслоо.  

Тэрбээр “Монголчуудыг морьтон монголчууд гэдэг. Морь гэдэг бол монголчуудын имиж юм. Энэ бол олон зуун жилийн өмнөөс дэлхийд тогтсон уламжлал. Энэ имижийг баталсан тодорхой үйл явдал 21-р зуунд боллоо. Энэ зуунд монголчууд дэлхийд морьтон заяагаараа тэргүүлэгч гэдгээ харууллаа. Энд би уяачдынхаа тухай хэлмээр байна. Уяачид гэхээр манайхан янз бүрээр л хэлдэг. Гэхдээ өнөөдөр Монгол Уяач дэлхийн хэмжээнд хүрснийг Э.Ганбат уяач маань харууллаа. “Mongolian Saturday” морийг алдарт уяач Э.Ганбат уясан. Тэрбээр Монголын морин спорт уяачдын холбоог үүсгэн байгуулсан нэгэн. 1995 оноос хойш морь уяж байна. Сүүлийн арваад жил Америкт очоод морь уяж явна. Монголчуудын хурдан морины уралдааны дэг сургууль, Америк, Европийн ойрын зайн уралдааны дэг сургууль хоёр тэс өөр. Гэтэл энэ дэг сургуулийг сурчихлаа. Би 1965 оноос эхлээд Монголын хурдан морины тухай бичиж эхэлсэн сэтгүүлч хүн. Миний нэг мөрөөдөл байсан. Энэ нь Монгол хүний уясан морь дэлхийн уралдаанд түрүүлэхийг харахыг хүсч байлаа. Гэтэл “Mongolia Saturday” морь дэлхийн уралдаанд түрүүллээ. Э.Ганбат, Д.Ганбаатартаа баярлалаа.” гэсэн юм.

Монголчуудын хурдан морины уралдааны дэг сургууль, Америк, Европийн ойрын зайн уралдааны дэг сургууль хоёр тэс өөр. Гэтэл энэ дэг сургуулийг Э.Ганбат уяач сурчихлаа.

Жил ирэх тусам хүрээгээ тэлж буй “Breeders Cup” тэмцээн энэ жил 32 дахь жилдээ зохиогдлоо.

“Breeders Cup” дотроо гурван төрөлтэй ба Turf sprint буюу зүлэгний хамгийн ойрын зай болон 1 километрт энэ жил 14 морь уралдсанаас “Mongolian Saturday” хүлэг замаа нэг минут, 0,3 секундэд туулжээ.

“Mongolian Saturday” цэвэр англи үүлдрийнх аж. 2015 он гарснаас хойш нийт долоон том тэмцээнд уралдахдаа 2 түрүүлж, 3 удаа аман хүзүүдэж, 2 удаа гурваар давхисан. Эдгээр амжилтаараа “Breeders CUP”-т уралдах эрхийг авсан бөгөөд ийнхүү дэлхийн тавцанд уралдаж, бүр түрүүлж чадсан юм.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна