Зээлийн хүүг хүчээр хөдөлгөвөл үүсэх 5 эрсдэл

2015 оны 11 сарын 6

Financial repression буюу "Санхүүгийн системийн захиргаадан дарангуйлах" онол гэж байдаг. Онолын хүрээнд зээлийн хүүг захиргааны аргаар бууруулах нь ордог. Дэлхийн II дугаар дайны дараа зарим орнууд Засгийн газрын өрийг дарахын тулд ийм арга хэрэглэж байжээ. Мөн колончлолоос шинээр тусгаар тогтнолоо олсон Азийн орнууд энэ аргыг хэрэглэж эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрэхийг зорьж байсан. Гэвч үр дүнд нь Засгийн газрын зээлэх боломж хэтэрхий ихсэж, бүтээлч хувийн хэвшлийн дарамт нэмэгдэж, тэдгээр улсуудын эдийн засгийн тэнцвэр алдагдаж байсан юм. Нөгөө талд нь дотоодын хуримтлалаа нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үндэсний валютын ханшаа зах зээлийн эдийн засгийн шаардлагад нийцүүлэн сулруулах зэрэг арга хэрэглэж аж үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд анхаарсан улс, орнуудын бодлого 1970-аад оноос амжилт олж байв.

Улсын төсөв нь алдагдалтай хэвээр, урсгал тэнцлүүд нь тэнцвэржиж амжаагүй эдийн засгийн хүндрэлтэй ийм орчинд зээлийн хүүг захиргааны аргаар бууруулах нь дараах 5 эрсдэл үүсгэнэ.

  1. Хууль үл дээдэлнэ: зээлийн хүүг төрөөс зохицуулдаг мэт сөрөг ойлголт нийгэмд түгнэ. Улмаар цалингийн зээл, тэтгэврийн зээл, бизнесийн зээлийн хүүг тэглэх олон нийтийн шахалт төр, засагт үүснэ. Эцэст нь зах зээлийн зарчим алдагдаж, "Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Монголбанк, төрийн бусад байгууллага банкны үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд  удирдлага, шийдвэрт  нь хууль бусаар нөлөөлж болохгүй" гэсэн энэ мэт хуулийн заалтууд үл мөрдөгдөж эхэлнэ.

  2. Инфляци цойлж, ханш суларна: иргэд, тэр дундаа бага, дунд орлоготой иргэдэд үлэмж хамааралтай инфляцийн түвшин өсч эхэлнэ. Энэ нь одоо хүрээд байгаа 5 орчим хувиас эрчимтэй өсч, иргэдийн бодит орлогыг зээлийн хүүг хүчээр хөдөлгөснөөс илүү бууруулна. Төгрөг бусад валютуудын эсрэг суларна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 1990 орчим төгрөгт тогтворжоод байгаа ам.долларын ханшийг одоогийн байгаа түвшнээс нь өсөхийг зөвшөөрнө гэсэн үг юм. Төгрөгийн өгөөж багасаж, долларжилт улам бүр газар авна.

  3. Хуримтлал дайжиж, хөрөнгө дутагдана: иргэдийн хадгаламжийн хүүг хүчээр бууруулах нөхцөл бүрдэнэ. Иргэдийн хадгаламж буурч, хөрөнгийн гадагшлах урсгал нэмэгдэж, тэр хэмжээгээр дотооддоо хөрөнгийн дутагдалд орно гэсэн үг. Дэлхийн хэмжээнд төлбөр, тооцоо гүйцэтгэх чадалтай болтлоо хөгжиж буй монголын санхүүгийн зах зээлийн 95 хувийг бүрдүүлэгч банкны салбараа үгүй хийх үүдийг өөрсдөө нээгээд өгчих вий.

  4. Хувийн хэвшил хумигдана: Хөрөнгийн дутагдалд орсон санхүүгийн зах зээлд төр нь хувийн хэвшлээсээ өрсөн зээлснээр хувийн хэвшлийн өсөлтийг сулруулдаг. Ингэж эрэлтээ хангах хэмжээний эх үүсвэргүй үед бүтээлч хувийн хэвшилд өндөр хүүтэй зээл олдож, эрсдэл нэмэгддэг тул хөдөлмөрлөх, бүтээх, ашиг олох эрмэлзэлтэй хувийн хэвшлийн орон зайг хумьдаг.

  5. Макро тэнцвэр алдагдана: Манай эдийн засаг зах зээлийн системд шилжсэнээс хойш санхүүгийн эх үүсвэрийн дутагдалтай байсаар ирсэн. Санхүүгийн хөрөнгө ихэнхдээ уул уурхайн салбартай холбоотойгоор эдийн засагт орж ирж байсан. Өнөөдрийн нөхцөл байдалд макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэр хангагдаагүй үед зээлийн хүүг захиргааны аргаар бууруулах гэж оролдох нь нийт эдийн засаг, санхүүгийн салбар, урт хугацааны тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөр байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна