Өвчтэй цэргүүдийн тухайд суурь өвчтэй гэсэн мэдээллийг өгчээ

2015 оны 11 сарын 6

Сэтгүүлч:
Улаанбаатар

Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас татагдан цэргийн алба хааж байгаад амиа хорлосон, зарим цэргүүд зодуур, дарамтаас болж өвчилдөг, хүнд өвчний улмаас нас барсан тухай байлдагчдын эцэг, эхчүүд мэдээлж эхэллээ. 2013 оноос хойш таван цэрэг амь эрсэджээ. Харин одоо дахин таван цэрэг эмчлүүлж байна гэж Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Тамгын газрын дарга С.Энхтүвшин мэдэгдсэн. Тодруулбал Д.Мэндхүү 21 насандаа, Б.Буяндэлгэр 21 настайдаа, П.Бөхбаатар 21 насандаа, Э.Буянбадрах 19 насандаа, Ч.Отгонбүрэн 20 насандаа хоёр жилийн дотор нас баржээ. Гэтэл Хил хамгаалах ерөнхий газраас тав биш нэг байлдагч л амиа алдсан. Өвчтэй цэргүүдийн тухайд суурь өвчтэй гэсэн мэдээллийг өгч байна.

Эрүүл, саруул хүүгээ цэрэгт мордуулаад алдсан ээж гомдолтой байна

Талийгаач Б.Батдэлгэр одоогоос гурван жилийн өмнө 2012 оны аравдугаар сард хөгжлийн бэрхшээлтэй ээжээ орхиод цэргийн алба хаахаар морджээ. Талийгаач цэрэг татлагад эрүүл мэндээрээ тэнцэж, эр орныхоо торгон хилийг манахаар баяртайгаар цэрэгт явсан байна. Нэг жилийн дараа талийгаачийг цусны цагаан эсийн хурц хавдартай гэсэн эмнэлгийн дүгнэлт гарчээ. Тухайн үед Хил хамгаалах ерөнхий газраас Баруунтуруун шумуул ихтэй. Шумууланд хазуулаад, шарх нь бохирдсон байна. Цэргүүд шумууланд хазуулах нь элбэг гэсэн тайлбарыг хийж байжээ. Харин одоо талийгаач Б.Батдэлгэр нь цэргийн үзлэгийн үеэр онош нь илрээгүй. Цэрэгт ирсэн хойноо цусны цагаан эсийн хурц хавдартай болох нь тогтоогдож халагдсан. Халагдсныхаа дараагаар харамсалтайгаар нас барсан байсан гэж ХХЕГ-ын Хилийн боомтын хэлтсийн дарга А.Ганбилэг мэдээлэв.

Олон цэрэг амиа алдаад байхад ХХЕГ нэр төр ярьж сууна

Өнгөрсөн хавар тавдугаар сард цэрэгт мордсон хүүг нь хоёрхон сарын дараа амиа хорлосон гэж аав Ж.Батмөнхөд нь мэдэгджээ. Талийгаачийн ар гэрийнхэн аймшигт мэдээ сонсоод 0311 дүгээр ангид яваад очиход талийгаач хүүгийн биед задлан шинжилгээ хийсэн байжээ. Шинжилгээгээр ходоодноос авсан 10 миллграммын шингэний 0.9-д этилийн спирт илэрсэн гэх тайлбарыг цэргийн ангийн удирдлагууд өгчээ. Өөр эмнэлгийн дүгнэлтээр мохоо зүйлээр биед нь гэмтэл учруулж, тохой, хөл нь шалбарч, зулгарсан байсан гэж талийгаач Б.Мэндхүүгийн аав ярив. Сэтгэлийн том шарх амссан эцэг, эх шинэ цэрэг хүүгээ архи ууж, амиа хорлосон гэж итгэж чадахгүй. Тийм боломж ч Баруунтурууны цэргийн ангид байхгүй. Энэ хэрэгт заавал эзэн холбогдогч бий. Түүнийг үнэн бодитоор илрүүлж, өөр аав, ээжийн хүү амиа алдахаас сэргийлмээр байна гэж учирласан юм. Харин ХХЕГ-аас талийгаач Б.Мэндхүү өөрийгөө боомилсон байдалтай өнгөрсөн долдугаар сард олдсон. Шалгалтаар бие эрхтэнд нь ноцтой гэмтэл учирсан зүйл байгаагүй гэж тайлбарлав. Хэргийг Увс аймгаас томилогдсон хуулийн байгууллагын бүлэг хэргийн газарт шуурхай үзлэг хийн тогтоосон. Уг хэргийг Увс аймгийн цагдаагийн байгууллага шалгаж, Прокурорын 2015 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 194 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байна.

П.Бөхбаатар "цэргийн нууц" гэсээр амиа алджээ

Талийгаач П.Бөхбаатар 2012 онд 0311 дүгээр анги руу алба хаахаар яваад 2013 оны аравдугаар сард турж эцсэн байдалтай, хүнд өвчтэй иржээ. Өвчин нь даамжирсаар 2014 оны наймдугаар сард нас барсан байна. ХХЕГ-аас талийгаачийг цэргийн албаа амжилттай хаан бэлтгэлээр цэргээр халагдсан. Алба хааж байх хугацаандаа сахилгын зөрчилд холбогдож байгаагүй. Мөн гэмтлийн улмаас болон ямар нэгэн өвчнөөр эмчлэгдэж байгаагүй, цэргийн албанаас халагдсан. Цэргээс халагдсан хойноо өвчилж нас барсан гэж мэдэгдсэн.

Байлдагчдийн үхэл ХХЕГ-тай холбоогүй гэв

“Нэг сумаас цэл залуу насандаа (19-21 настай залуус) цэрэгт явсан таван залуу нэг ангид байхдаа ойр ойрхон амиа алдлаа. Энд нэг учир байна. Сэтгэл зүйн дарамтад орсны улмаас цэргүүд өвчилж байна. Хамгийн сүүлд нас барсан хоёр залуу өнгөрсөн хавар цэрэгт яваад, нэг нь долоо, нөгөө нь есдүгээр сард Цэргийн эмнэлэгт амиа алдсан байна. Гэтэл одоо суурь өвчтэй байсан гээд ХХЕГ гэмгүй царайлан, мэдэгдэл хийж сууна” гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдэгдэв.  Харин дээрх байлдагчдийн үхэл ХХЕГ-тай холбоогүй гэсэн тайлбарыг ХХЕГ-ын төлөөллүүд хийсээр байна.

 

Талийгаачдын ар гэр дээрх эмгэнэлт хэрэгт гомдолтой байна. Иймээс 1000 гауй километрийн цаанаас жигшүүрт хэргийн цаана байх эзэн холбогдогчийг олж тогтоон, хариуцлага тооцохоор салбар яаманд хандаж, хүсэлтээ хүргүүлжээ. Хамгийн гол нь дахин нэг ээж, аав цэрэгт явсан хүүгээ алдах вий гэдгээс эмээж, сэрэмжлүүлж байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна