Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ

2015 оны 11 сарын 6

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар хийсэн мэдээлэл


Монгол Улсын Засгийн газраас Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж буй ажлын явцын талаар танилцуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан УИХ-аас 2014 оны  7 дугаар сарын 1-ний өдөр баталсан “Шилэн дансны тухай хууль” энэ оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш 10 сар өнгөрөөд байна.

Шилэн дансны тухай хуулийн дагуу холбогдох мэдээллийг иргэд, олон нийтэд мэдээлснээр төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн хэрэгжилтэд иргэдээс хяналт тавих нөхцөлийг бий болгож байгаа нь уг хуулийн үндсэн зорилт хэрэгжиж эхэлж байна гэж хэлж болно.

Олон Улсын Төсвийн түншлэлийн байгууллагаас улс орнуудын төсвийн ил тод, нээлттэй байдлын судалгааг явуулж үнэлгээ өгдөг билээ. Монгол Улс Төсвийн ил тод, нээлттэй байдлын 2015 оны индексээр авбал зохих 100 онооноос 51-ийг авсан нь 2012 оны түвшиндээ бөгөөд дэлхийн дундаж (45 оноо)-аас ялимгүй дээгүүр байна. Шилэн дансны тухай хуулийг эрчимтэй хэрэгжүүлснээр энэ үнэлгээний үзүүлэлт цаашид сайжирна гэж манай Засгийн газар үзэж байгаа бөгөөд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн үр дүн болсон төсвийн ил тод, нээлттэй байдлыг олон улсын түвшинд үнэлэх чухал боломжийг олгож байна.   

Монгол Улсын Засгийн газраас Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхээр дараах  3 үндсэн чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнд:

·  Зохион байгуулалт

·  Хэрэгжилт

·  Мониторинг, хяналт шалгалт.

Нэг. Хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахтай холбоотойгоор

1.  Засгийн газрын 2014 оны 384 дүгээр тогтоолоор “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ыг батлуулан хэрэгжүүлж, Шилэн дансны тухай хууль, холбогдон гарсан журмыг олон нийтэд таниулан сурталчлах, мэдээлэл арга зүйгээр ханган ажиллах хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэл, дүүрэг зэрэг төв болон орон нутгийн төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит компани, төрийн бус байгууллагын нийт 10000 орчим албан хаагчдад 82 удаагийн сургалтыг зохион байгуулсан.

2.  Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран 2015 оны 5 дугаар сарын 14-нд нийт 1000 гаруй төсвийн байгууллагын төлөөллийг оролцуулан хуулийн хэрэгжилтийн явц цаашид анхаарах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан.

3.  Засгийн газрын 2 удаагийн хуралдаанаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн эхний 2 сар болон хагас жилийн байдлаар гаргасан дүнг хэлэлцэж, холбогдох үүрэг даалгаврыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгсөн.

Хоёр. Хуулийн хэрэгжилтийн явц

1.  Шилэн дансны тухай хуулийн дагуу 56 төсвийн ерөнхийлөн захирагчийн 5172 төсвийн байгууллага, 271 орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, 79 төрийн өмчит хувьцаат компани болон төрийн үйлдвэрийн газар, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч болон улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа 569 аж ахуйн нэгж, байгууллагууд мэдээллээ өөрийн цахим хуудсаар болон нэгдсэн цахим хуудас, мэдээллийн самбараар нийтэд мэдээлэн ажиллаж байна.

2.  Өнөөдрийн байдлаар хуульд заасан 37 төрлийн 229,279 мэдээллийг олон нийтэд мэдээлж байна. Тухайлбал, Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн төсөл, 2015 оны төсвийн тодотголын төсөл, сар бүрийн төсвийн гүйцэтгэл, улирал бүрийн макро эдийн засгийн үзүүлэлт, Засгийн газрын дотоодын өрийн 3,720.6 тэрбум төгрөг, гадаад өр 10,192.0 тэрбум төгрөгийн болон үнэт цаасны талаарх мэдээлэл, цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын 4.300,9 тэрбум төгрөгийн мэдээлэл, тендер шалгаруулалтын 9,362 мэдээлэл, хөрөнгө оруулалт, бараа, ажил үйлчилгээ, нийлүүлэгчийн талаарх 2.485.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн мэдээлэл, байгууллагын өмч хөрөнгө, мөнгө зарцуулах, өр авлага үүсгэсэн шийдвэрийн 30,985 мэдээлэл болон хуулиар заагдсан бусад мэдээллүүд байна.

Гурав. Мониторинг, хяналт шалгалтын арга хэмжээ

1.  Монгол Улсын Засгийн газраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн эхний хагас жилийн тайланг нэгтгэн гаргаж Үндэсний аудитын газарт хүргүүлсэн.  

2.  Үндэсний аудитын газраас 2015 оны 3 дугаар сарын 22-ноос 5 дугаар сарын 5-ны өдрүүдэд “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, үр дүн”-д аудит хийсэн байна. Аудитаар "нийт 5804 байгууллага, үүнээс 5399 төсвийн байгууллага, 405 төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуй нэгж хамрагдсаны 96.8 хувь буюу 5617 байгууллага төсвийн ерөнхий мэдээллээ байршуулснаас 4868 байгууллага нэгдсэн цахим сүлжээ, байгууллагын сүлжээнд, 749 байгууллага мэдээллийн самбарт байршуулсан байна" гэсэн дүгнэлт гаргасан байна. Мөн хөдөө орон нутагт, ялангуяа зарим сумдад техник хэрэгслийн хангамж дутмаг, байнгын цахилгааны эх үүсвэрт холбогдоогүй, интернет сүлжээ байхгүй, саатдаг, хүрэлцээ муу зэрэг нь цахим системд мэдээлэл оруулах ажилд хүндрэл учруулж байна гэж дүгнэсэн байна.

3.  Түүнчлэн хууль зөрчсөн эсэх талаар шүүхээр шийдвэрлүүлсэн болон Үндэсний аудитын газраар шалгуулах хүсэлт эхний хагас жилийн байдлаар байхгүй байна.

4.  Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд иргэд бас хяналт тавьж байна. Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд нийт 166,879 хэрэглэгч 446,221 удаагийн хандалт хийж, давхардсан тоогоор 2.1 сая мэдээллийг хүлээн авсан байна. Цахим хуудсанд 97.2 хувь нь дотоодоос, 2.8 хувь нь гадаадаас хандсан байна. Энэ нь иргэд, олон нийт төсвийн хэрэгжилтэд анхаарал хандуулж байгаагийн илрэл юм.

Эрхэм гишүүд ээ,

Цаашид Засгийн газраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс дараах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. Үүнд:

·  Мэдээлэл тавих эрх бүхий албан тушаалтнуудыг нэгдсэн арга зүйгээр хангах, сургалтыг зохион байгуулах замаар шилэн дансанд байршуулж байгаа мэдээллийн үнэн зөв, тодорхой байдлыг сайжруулах,

·  Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг хуульд заасан хугацаанд багтаан оруулж хуулийн хүрээнд хамрагдах бүх байгууллагууд ашиглах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах,

·  Төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод аудитын арга зүйг сайжруулж, хууль хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллах,

·  Олон улсын байгууллагаас төсвийн ил тод, нээлттэй байдалд өгч буй үнэлгээ, өгсөн зөвлөмжийг ашиглан төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог сайжруулах арга хэмжээг үе шаттай авах болно. 

Анхаарал тавьсанд баярлалаа. 

ЭХ СУРВАЛЖ: ZASAG.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна