Японд очсон бол заавал үзэх 5 газар нутаг

2015 оны 11 сарын 7

 

Такаяма хот

 

Гифу мужийн уулсын хөндийд орших эртний хот Такаяма өнө эртний түүхтэй. Найман мянган жилийн өмнө эртний хүмүүс тэнд буудаллаж байсан аж. Тайка эринд хамаарах энэ цаг үед олон авьяастан төрж, нийслэлд нь олон сайхан орд харш баригджээ. Харамсалтай нь, тэр үеийн шилдэг уламжлалаар босгосон Санбүцүзи сүм өнөөдөр балгас болсон байна. Такаяма хотын цэцэглэлт нь Муромати ба Эдо эринд хамаардаг. Тогугава шёогүний нөлөөний жижиг вант улс Сиро-яма ууланд шилтгээн цайз, Хигашияма сүм хийдээ босгосон байв. Тэр цагаас хойш ус их урссан ч хотын хуучны Санномачи хороололд тэр цагийн уур амьсгал мэдрэгдэнэ. Эдогийн эринд баригдсан байр байшин одоо хотын кафе, музей, гар урлалын төв болсон. Гудамжаар нь хүн тэрэг яван, цагаан будааны бин зарна. Зинъямаэ, Миягава худалдааны захуудад эртнийх шиг шинэ жимс ногоо дүүрэн. Жуулчид Хигашияма сүмийн бүсэд 3,5 км замд эртний түүхээр аялна. Хавар, намар тэнд 15-р зуунаас эхлэлтэй Такаяма Мацури гэдэг Японы хамгийн алдартай наадам болдог, энэ талаар http://www.hida.jp сайтаас мэдээлэл авч болно.

 

Фото: Википедия


 

Токиогийн цаасны музей

 

Олонд төдийлөн нэртэй биш ч маш сонирхолтой энэ музей Токиогийн Ашүкаяма цэцэрлэгт байдаг. Одоо музейн үзмэрт 40 мянган эд зүйл, 2000 жилийн түүхийг өгүүлсэн цаасны тухай 10 мянган ном бий. Музей нь нийт 2267 кв.м талбайг эзэлдэг. Япончуудын хувьд цаас нь зөвхөн бичгийн хэрэгсэл биш байр байшин, хоол хүнс бэлтгэхэд хүртэл ашиглагдаж ирснийг тэндээс үзэж болно. Уламжлалт васи цаасаар “сёзи” гэх тусгаарлах хана, “фүшүма” гэх гүйдэг хаалга, цайны ёслолын “кайши” гэх салфетка, утива-дэвүүрийг хийж байсныг музейд тавигдсан үзмэрүүдээс үзэж болно. Музейн тухай мэдээллийг http://www.papermuseum.jp/en/ сайтаас аваарай.

 

Фото: manonthelam.com


 

Киото дахь Курама уул

 

Наран мандах орны уур амьсгалыг хадгалсан газрын нэг нь үзэсгэлэнт Курама уул юм. Эртний домгоор, зургаан сая жилийн өмнө энэ бөглүү нутагт аж төрөх хүн төрлөхтнийг аврахаар Цолмон гаригаас агуу сүнс буун ирсэн.

 

Тэнд Оку-но-ин гэдэг жижиг тахлын сүм, Гүнийн дацан үүссэн байв. Тэр эрт цагаас энэ нууцлаг оргилд шинто, буддизм зэрэгцэн тэнгэр бурхнаа шүтэн оршиж байна. Тэнгэрийн догшин ноход Курамагийн хөндийд зөвшөөрөлгүй орж ирсэн бүгдийг уран тасдаж ариун газраа манаж байжээ. Япончуудын Чингэс хаан ч гээд байдаг агуу Ёшицүнотай тэнгэр бурхан ид шидээ хуваалцаж ирсэн гэх. Ялагдашгүй гэх нинжа нарын хамаатан болсон ямабусийн хувьд даяанчлах төв нь, рэйка анагаахын бясалгалын төв гэж Курама тооцогдож байгаа.

 

Фото: theselfishyears.com


 

Кагошима

 

“Японы Хавай” таныг ер бусын сонирхолтой амралтад урьж байна. Идэвхтэй галт уулуудад хамгийн ойр очих боломж тэнд байгаа. Кюсю арлын гол хотыг Неаполь хоттой зүйрлэх нь их байдаг. Шүрний хатан цохио, төгсгөлгүй их цэнхэр далай, халуун рашаанууд, тэндхийн Везувий болсон Сакуразима галт уул зэрэг нь орон нутгийн гол бэлгэдэл нь болдог. Кагошимагийн зүтгүүр онгоцны буудлаас моторт завиар хорь гаруй минут яваад л Японы хамгийн идэвхтэй галт уулын утааг та харах болно. Дөнгөж саяхан дахин сэрэн идэвхжсэн Соммоэ галт уул ч жуулчдыг татдаг. Кагошимагийн эргийн Ишотэйн цэцэрлэгээс галт уулуудыг харахад амь наснаас хол аюулгүй. Байгалийн энэ дошигрол таныг догдлуулах болно. Мөн тэндээс ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад багтсан Якушима гэх субтропикийн аралд очиж болно. Хэдэн мянган жилийн настай хушин ойгоор уг арал бүрхэгджээ.

 

Фото: globeimages.net


 

Камикоти

 

Тюбу Сангаку гэх Үндэсний дархан газрын уулын цанын Камикоти амралт таатай, ашигтай хоёрыг хослуулахыг санал болгож байна. Хойд Японы “Альпийн” гүнд шидэт аяга мэт нэгэн хөндий байрлажээ. Байгаль нь өөрөө явган аялал, ууланд авиралт, өндрөөс хурдтай буух боломжийг тэнд өгдөг. Хэдэн зуун зам харгуй орчных нь уул хадаар хэлэн жуулчдыг хүлээнэ. Хэдэн арван буудлууд, майхант лагерь тэнд байгаа.

 

 

Гэхдээ Камикоти зөвхөн байгалиараа гайхуулахгүй тэндхийн соёл баян. Орон нутгийн соёл уламжлалтай танилцуулах тусгай аялал зохион байгуулдаг. Тайсё-икэ гэх уран зургийн цөөрөм нь 1915 онд галт уул дэлбэрсний улмаас бий болжээ. Зуун жилийн настай Каппа-баси гэдэг сонирхолтой гүүрээр зугаалж болно. Энэ үзэсгэлэнт нутагт амьдралынхаа 50 жилийг зориулсан “амьд домог” болсон Окухара танд зуучлан мөн ч олон дурсгалт газрыг үзүүлэх болно. Жишээлбэл, Хотака-жинжя Окумия сүмд уулын савдагт зориулсан мөргөл үйлдэж, тэр нутгийн хатуу өвлийг япон уламжлалт байшинд өнгөрүүлсэн урт настан Камизё Камонзи хөгшин даяанчийн гайхалтай түүхээс сонсож болно. Камикотид хэрхэн амарч болох талаар http://www.kamikochi.org/ сайтаас мэдээлэл аваарай.

 

Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна