Ард нийтийн санал асуулгын хуулийг өөрчилнө

2015 оны 11 сарын 7

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Батбаяр Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр /18.00 цагийн орчимд/ УИХ-ын даргад өргөн барилаа.

2012 оны УИХ-ын сонгуулиас эхэлж сонгогчийн саналыг автоматжуулсан хэлбэрээр тоолж дүнг нэгтгэн гаргадаг болсон. Үүнтэй холбоотойгоор дээрх хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байна. Учир нь Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг УИХ 1995 оны аравдугаар сарын 19-ний өдөр баталсан бол Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг УИХ 2011 онд шинэчлэн баталсан. Гэвч УИХ-ын Сонгуулийн тухай хуультай нийцүүлж, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд тухайн үед нь нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байна.

Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа өнөөдрийн хуулийнхаа ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталжээ.


АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
 ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Нэг.Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага

Ард нийтийн санал асуулгын тухай хууль нь 1995 оны 10 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2011 онд шинэчлэгдсэн батлагдсантай холбоотойгоор Ард нийтийн санал асуулгын тухай хуульд тухайн үед нь нэмэлт, өөрчлөлт оруулаагүй нь Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулахгүйгээр уг хуулийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна.

Улсын Их Хурлын 2012 оны, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиас эхлэн сонгуулийн санал тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааг Монгол Улс автоматжуулсан системээр зохион байгуулан явуулсан. Иймд тэдгээртэй уялдуулан Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Хоёр.Хуулийн төслийн зохицуулах харилцаа, хамрах хүрээ, ерөнхий бүтэц.

1/ Санал авах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулахаар тусгана.

2/ Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ард нийтийн санал асуулгын тухай хуульд заасан санал асуулгыг зохион байгуулах, бэлтгэл зохион байгуулалтын болон санал асуулгын дүнг нэгтгэн гаргах, мэдээлэх ажиллагааг харьцангуй богино хугацаанд хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгана.

3/ Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн санал авах ажлыг зохион байгуулах, сонгогч саналаа өгөх, санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох, санал тоолох ажиллагаатай холбоотой харилцааг сонгогчийн бүртгэл, хяналтын болон санал тоолох дүн гаргах, үр дүнг дамжуулах, автоматжуулсан систем ашиглан явуулахтай холбоотойгоор өөрчлөн найруулж тусгана.

Гурав.Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах нөхцөл бүрдэнэ. Мөн сонгогчийн бүртгэл, санал тоолох, дүн гаргах, үр дүнг дамжуулах зэрэг ажиллагаанд автоматжуулсан систем ашиглах үндэслэлийг бүрдүүлнэ.

Дөрөв.Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай хэрхэн уялдах, түүнийг сайжруулах зорилгоор цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаар.

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуультай нийцэж байгаа бөгөөд энэ хуулийн төсөл батлагдсанаар өөр бусад хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна