"Дүү нь суллагдчихлаа"

2015 оны 11 сарын 7

-Байна уу? Эгчээ дүү нь, суллагдчихлаа шүү дээ, та хаана байна...

Амьдралдаа алдаж, гурван жилийн ялаар шийтгүүлсэн ч Төрийн өршөөлд хамрагдан суллагдсан залуугийн эгч рүүгээ баярлан утсаар ярьсан анхны яриа нь энэ...

Яг түүнтэй ижил 2000 гаруй хүн Өршөөлийн хуульд хамрагдаж эрх чөлөөтэй болж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт болон ойролцоох хорих ангиудын хүмүүжигчдийг Зайсан дахь хорих ангид нэгтгэн өнөөдөр суллалаа. Одоо тэд ойр дотны хүмүүсээрээ тосуулан гэртээ харьж явна.

“Алтаар хэмжиж боломгүй үнэтэй цаг хугацааг торны цаана өнгөрүүлсэндээ их харамслаа. Гэхдээ одоо би хичээнэ ээ. Хайртай үрээ өнчрүүлж, ээж, аав, эхнэрээ гомдоосон хар толботой өдрүүдийг мартахыг хүсч, алдаагаа засч амьдарна” гэсэн урам зоригтойгоор тэд сэтгэлээ уудлав.

"Үхэвч үр харам" гэдгийн адилаар амьдралдаа алдсан тэднийг гарч ирэхийг тэсэн ядан хүлээсэн найз нөхөд, ээж аав, эхнэр, хүүхэд, ах эгч нь дахин дахин цаг ширтэн зогсов. "Хүмүүжигчид суллагдлаа, болгоомжлоорой. Цагдаа нар өндөржүүлсэн байдалд шилжлээ. Шөнө орой хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд гэрээсээ битгий гараарай" гэсэн болгоомжлол, анхааруулга цахим сүлжээнд олонтаа бичигджээ. Уг нь эсрэгээрээ бид тэдэнд амьдрах итгэл, урам зориг хайрлаж, дахин амьдралд хөл алдахаас нь аврах шаардлагатай санагдав. Тухайлбал "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа өршөөлөөр суллагдсан ч очих газаргүй, тосох хүнгүй 12 иргэнийг хажуудаа авахаар шийджээ. Г.Загдаа гуай нэн түрүүнд дээрх хүмүүсийг бичиг баримтжуулж, ажилтай болгох юм байна.

Энэ удаад ойролцоогоор 2000 гаруй хүмүүжигчид суллагдаж байна. ШШГЕГ-аас өршөөгдсөн иргэдийн нарийвчилсан судалгаа, тоог удахгүй гаргана гэж мэдээлэв. Эхний тооцооллоор 68 иргэн огт очих газаргүй, бичиг баримтгүй байгаа аж. Иймээс ШШГЕГ-аас тэднийг бүртгэлжүүлж, гэртэй болгох, цаашлаад ажилд зуучлах ажлыг зохион байгуулж, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ, сангуудтай хамтран ажиллах саналыг тавьжээ. Өршөөлийн хууль батлагдаж, хэрэгжих бүрт олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Өршөөсөн иргэдийн ихэнх нь буцаад гэмт хэрэгт холбогдон аавын хаалга татдаг гэж ярьдаг. Гэхдээ бодит судалгаагаар 4-5 хувь нь гэмт хэрэгт эргэж холбогддог. Иймээс нийгэм өршөөгдсөн иргэдийг эергээр хүлээж аван, тусалж дэмжих шаардлагатай гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав ярив.

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар хорихоос өөр төрлийн ялтай 683 ялтны материалыг өршөөлд хамруулахаар харьяа прокурорт хүргүүлжээ. Орон нутгийн хэмжээнд 683 ялтны асуудал шүүхээр шийдвэрлэгдэхээр байна. Мөн ялтнуудыг хорихоос өөр төрлийн ялаас өршөөн хэлтрүүлсний дараа 560 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх, 500-аад хүний хилийн хоригийг цуцлах аж. Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг сэргээх, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилсэн болон хураасан хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээлгэх талаар холбогдох газруудад албан бичиг хүргүүлэх ажлыг ШШГЕГ-ын харъяа Шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулж байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна