Г.Шийлэгдамбыг хэн орлох вэ?

2015 оны 11 сарын 7

Ирэх өдрүүдэд Эрүүл мэндийн сайдыг шинээр тодруулж, томилох их ажилтай улс төрийн хүрээнийхэн “зууралдах” болж байна. Тодруулбал, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын орны сайдыг тодруулна гэсэн үг. Намуудын тохиролцоогоор МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг эл албанд хүнээ сойх ёстой. Одоогоор хэн суух вэ гэдэг тодорхой болоогүй ч өрсөлдөөн эхэлжээ.

Дэд сайдын суудал дээр “зодолдох” нь холгүй байсан МАХН-ын гишүүд сайдын суудал дээр нэлээн том дажин өрнүүлэх нь. Мөн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын асуудал ч хөндөгдөөд эхэлжээ. Сонгууль дөхөж, улс төрийн намын ажил идэвхижих ёстой ч эл албыг хашдаг хүнийг нь Авлигатай тэмцэх газраас баривчлан саатуулсан нь албан тушаал горилсон нэгнийг нь хөдөлгөөнд оруулсан байна. Түүнд саяхан МАХН-д гишүүнээр элссэн УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Шаравдорж нарын нэр дуулдаж буй юм. Мөн Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал ч өрсөлдөж мэдэх тухай мэдээлэл байна. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг давхар хашиж байсан Г.Шийлэгдамбыг Эрүүл мэнд, спортын сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь нам дотор нь мөн албан тушаалын бужигнааныг үүсгэжээ.

Онцлоход, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг энэ сарын 4-нд 16.00 цагийн орчимд Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас албан өрөөндөө байхад нь баривчлан саатуулсан юм. Гүйцэтгэх ажиллагааны үеэр баривчлан саатуулсан гэх мэдээлэл цацагдаж байгаа ч түүнийг баталсан мэдээллийг холбогдох газар хийгээгүй байгаа.

Гэхдээ сайдаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байгаа Г.Шийлэгдамба Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан гаргасан өргөдөлдөө “АТГ-ын байцаагчид надад эрүүгийн тусгай ангиар хэрэг үүсгэж, ихээхэн хэмжээний мөнгө авсан мэтээр тулган байцаасан. Тухайн үед миний өрөөнд хувийн зорилгоор өөрийн олон жилийн танил нөхрөөс зээлсэн мөнгийг хадгалж, хувийн хэрэгцээнд зарцуулахаар төлөвлөж байсан. Би ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй. Өөрийн эрх мэдэл, албан тушаалыг ашиглаж тэрхүү мөнгийг олоогүй учраас АТГ-ын байцаагчид үзүүлсэн. АТГ-аас энэ хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж, ямар нэгэн хууль бусаар олсон мөнгө эсэхийг тогтоох нь зүйтэй гэж үзээд хэрэг үүсгээд ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарынхаа ажилчдын нэр хүндийг сэвтээхгүй байхыг хичээж байна. Дээр нь энэ хэрэг улс төрийн нөхцөл байдлаас үүдэн багагүй хугацаа шаардагдах болсон тул би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” гэж бичсэн байсан юм.

Түүнийг цагдан хорьсныг намын нөхөд нь буруушааж буй. Харин эх сурвалжийн мэдээллээр АТГ-ын мөрдөн байцаагч цагдан хорих болсон үндэслэлээ прокурорт танилцуулж, эрхээ авсан. Прокурор шүүхэд уг асуудлыг танилцуулсанаар захирамж гарган цагдан хорьжээ. Шүүхийн захирамжаар 14 хоног цагдан хорихоор болсон. Хэрэв дээрх хугацаанд яллагдагчаар татвал цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгах эрх нь нээлттэй юм байна.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна