Комисс дэлбэрэлтийн тухай тайлбар хийлээ

2015 оны 11 сарын 7

Фото: Mohamed Abd El Ghany / Reuters

 

Египетэд унасан «Когалымавиа» компанийн онгоцонд дэлбэрэлт болсон гэх мэдээллийг батлах баримт Орост байхгүй гэж Синайн хойг дэх онгоцны сүйрлийг мөрдөн байцаах тусгай комиссын засгийн газрын эх сурвалж хэлсэн тухай ТАСС агентлаг дамжуулав.

 

Эх сурвалж “Одоо онгоцны ярианы хар хайрцгийн бичлэгт үлдсэн тодорхойгүй дуу чимээг шинжилнэ. Гэхдээ тэр нь дэлбэрэлтийн дуу гэж хэлэх нь эрт байна” хэмээн хэлжээ.

 

Үүний өмнө, Египетэд сүйрсэн Оросын онгоцны хар хайрцгийн бичлэгт дэлбэрэлтийн дуу бичигдсэн байсан гэж арваннэгдүгээр сарын 6-ны баасан гаригт “France 2” суваг мэдээлсэн байв. Мөрдөн байцаагчийн хэлснээр тэр дэлбэрэлт нь онгоцны хөдөлгүүрийн гэмтлээс үүдэлтэй байжээ.

 

Онгоцонд террор үйлдэгдсэн байж магадгүй гэх таамаглалыг Оросын ерөнхий сайдын орлогч Аркадий Дворкович тайлбарлахдаа, ослын олон тооны хувилбарыг авч үзэж байгаа, дүгнэлт хийх цаг болоогүй байна” гэжээ. “Бид юуг ч хасч болохгүй. Тиймээс манай хүмүүсийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах үүднээс нэмэлт арга хэмжээнүүдийг авч байна. Шаардлагатай бол хэдэн долоо хоногийн турш нислэгийг зогсоох ёстой” хэмээн Дворковичийн хэлснийг РИА Новости агентлаг иш татсан байна.

 

Шарм-эш-Шейх (Египет) - Санкт-Петербургийн чиглэлийн 9268 дугаар нислэгийн Оросын "Когалымавиа" нисэхийн компанийн зорчигч тээврийн Airbus A321 онгоц буудлаас хөөрөөд 23 минутын дараа радараас алга болжээ. Онгоц Синайн хойгийн хойд нутагт Эш-Ариш хотоос 100-гаад км-ийн зайд унасан байв. Онгоцонд явсан 224 хүн тэдний тоонд багийн долоон гишүүн, 24 хүүхэд бүгд амь үрэгдсэн. Онгоц сүйрсэн шалтгааныг одоогоор тогтоогоогүй бөгөөд Орост хориотой “Исламын улс” гэх террорист бүлэглэл сүйрэлд хамаатай эсэхийг мөрдөн байцаагчид шалгаж байна.

 

Мөрдөн байцаалтад Орос, Франц, Герман, Ирланд, Египтийн мэргэжилтнүүд оролцож байна. Мөн тэд Шарм-эль-Шейхийн нисэх буудлын аюулгүйн ажиллагаанд судалгаа дүгнэлтийг хийж байгаа юм. Мөн онгоцны техникийн саатал гэмтэл ч тэдний авч үзэж байгаа хувилбаруудын нэг аж. Оросын эрх баригчид зөвхөн албан ёсны мэдээлэлд ач холбогдол өгөх чухал гэсэн юм.

 

Арваннэгдүгээр сарын 6-нд Оросын ерөнхийлөгч Владимир Путин Үндэсний террорын эсрэг хорооны зөвлөмжийн дагуу Оросын компаниудын нислэгийг Египетэд хийхийг зогсоох үүргийг засгийн газартаа өгсөн юм. Түүний дагуу өчигдрөөс эхлэн Оросын агаарын хөлгүүд Египет рүү нислэг хийн тэнд байгаа иргэдээ зөөж байгаа ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна