«Коммерсантъ» Airbus онгоцны зорчигчид дэлбэрэлтээр үрэгдсэн гэв

2015 оны 11 сарын 7

Фото: Mohamed Abd El Ghany / Reuters

 

Онгоцны зорчигчдын ачаанд нуусан эсвэл онгоцны эх биеийн хаа нэгтээ тавьсан жижиг бөмбөг Египетэд сүйрсэн Airbus A321 онгоцны осолдох шалтгаан болсон байж магадгүй талаар Оросын «Коммерсантъ» сонин мөрдөн байцаалтад ойр эх сурвалжийн мэдээнээс ишлэн арваннэгдүгээр сарын 7-нд бичжээ.

 

Бөмбөгийг идэвхжүүлэхийн тулд цагын механизм ашигласан байж болно. “Хэрэв бөмбөгийг онгоцны сүүл хэсэгт байрлуулсан бол тэр нь өндөрт даралт унахад мэдрэмжтэй төхөөрөмжийг ажиллуулан дэлбэрэлтийг үүсгэсэн байж болох талтай” гэнэ. Египетэд үйл ажиллагаа явуулдаг террористууд тийм төхөөрөмж хийх мэргэжлийн чадвартай хэмээн эх сурвалж ярьжээ.

 

Зорчигдын зарим нь бөмбөгний дэлбэрэлтэд өртөн агаарт амиа алдсан тухай шүүх эмнэлгийн эх сурвалж хэлж байна.

 

Арваннэгдүгээр сарын 6-нд Францын “France 2” телевизийн суваг сүйрсэн онгоцны дуу чимээний бичлэгт дэлбэрэлтийн дуу сонсогдсон гэж мэдээлсэн юм. Харин Оросын тал бичлэгт үл танигдах дуу чимээ байсан гээд түүнийг тогтоотол ослын шалтгааны талаар ярих зүйлгүй гэсэн байв.

 

Амь үрэгдэгсдийн цогцсыг үзсэн Египетийн эмч хохирогчдын гэмтэл нь онгоцонд бөмбөг дэлбэрснийг харуулж байна гэжээ. Харин ТАСС агентлаг түүнийг үгүйсгэсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна