Үүл дарга бохиртой тэмцэнэ

2015 оны 11 сарын 7

Хотын дарга Э.Бат-Үүл төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажилдаа хэдийнэ оржээ.

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж нь 1959 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл 60 орчим жил ажилласан. Ойр орчимд нь 20-30 жил хуримтлагдсан хур лаг бий болсон, энэ нь 400 мянган метр куб талбайг хамраад байгаа. Үнэр гэж аймшигтай болсон нь түүнийг хлорын болон устөрөгчийн хэт ислийн уусмалаар ариутгадаг. Зөөвөрлөж зайлуулсан лагаа модны үртсээр хучиж аргалдаг аж.

Харин хотын удирдлагууд нийслэлээс 6 тэрбум төгрөг зарцуулан шинээр барих цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг хийлгэж буй юм байна. Мөн хөрөнгө оруулагч нарыг ч олсон. Тодруулбал, Туркээс 300 сая ам.доллар, Францын Засгийн газраас 80 сая ам.доллар зээлдүүлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн байна.

Шинэ төв цэвэрлэх байгууламж баригдаж ашиглалтад ороход 3-5 жил шаардана. Тиймээс түүнээс урьтаж лаг боловсруулах биологийн аргыг нэвтрүүлэхийг зорьж байгаа аж. Засгийн газартай энэ асуудлыг ярилцсанаар 2016 оны төсөвт 8.1 тэрбум төгрөгийг суулгуулжээ. Ирэх хавраас газар гэсэхэд туршилтын ажил эхэлж, хур лагийг боловсруулах юм байна.

Шинээр баригдах төв цэвэрлэх байгууламжийг мөн лагийг боловсруулж, цахилгаан, дулаан үйлдвэрлэх боломжтой байхаар шинэчлэх нь.

Уг нь төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих асуудал МАН-ыг хотыг удирдаж байхаас эхтэй ч сэтгэл зүрх нь дутсан уу, Японоос хөрөнгө гаргая гэхэд хүртэл буцаасан тухай сонсогддог. Амласан дээр нь аваад төв цэвэрлэх байгууламжаа шинээр барьчихсан бол нийслэлчүүд өнөөдөр өмхий үнэрт амьдрахгүй л байсан даа.

Сэтгэл байгаад зүтгэвэл бүтдэг гэдэг дээ. Удахгүй Улаанбаатарт шинэ төв цэвэрлэх байгууламж баригдаж, ашиглалтад ороод дулаан, цахилгаан үйлдвэрлээд л орчин үеийн технологийн шийдлийг ашиглах болж байгаа нь яах аргагүй сайхан мэдээний нэг.

Лагийг боловсруулаад дулаан, цахилгаан гаргадаг гэдгийг ч мэдэлгүй явсаар монголчууд бид өнөөдрийг хүргэж... Шинэ технологийн сургаар нүд, чих хүртэл онгойх юм даа.

Үүл дарга аа, мятаршгүй зүтгээд л байгаарай, төв цэвэрлэх байгууламжаа шинэчлээд авбал Улаанбаатар хот ч улам л гоё болно доо.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна