Хот хоорондын зорчигч тээвэрлэлт буурчээ

2015 оны 11 сарын 7

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 43 аж ахуйн нэгж, байгууллага 924 тээврийн хэрэгсэл ашиглан гэрээгээр хийж гүйцэтгэдэг. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар зорчигч тээвэрлэлт жилийн өмнөхөөс таван хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Зам, тээврийн яамны бодлогын хүрээнд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг хоёр аймагт дунд оврын, бусад аймгуудад том оврын, орчин үеийн тохилог автобусаар гүйцэтгэж байна. Ялангуяа Улаанбаатар-Хөвсгөл аймгийн чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд том оврын унтлагын автобус явуулж эхэлснийг Авто тээврийн үндэсний төвөөс онцолж байв. Мөн зорчигч тээврийн хэрэгслүүдэд “GPS” төхөөрөмж суулган тээвэрлэлтийн үйл явцыг хянаж чаддаг болжээ. Харин улс хоорондын авто тээврийн хувьд ачаа тээвэрлэлт гүйцэтгэх 120 аж ахуйн нэгжийн 3940 хүнд даацын автомашинаар тээвэрлэлт хийж буй ч тээвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ буурсан аж. Тухайлбал, өнгөрсөн сарын эхний долоо хоногийн байдлаар жилийн өмнөхтэй харьцуулахад газрын тосны тээвэрлэлт 13.3 хувиар, зэсийн баяжмалынх 17.4 хувиар өссөн бол нүүрснийх 26.8 хувиар, төмрийн хүдрийнх 50.3 хувиар огцом буурсан байна.

Одоогоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийн сухайт, Овоот толгойн уурхайгаас Шивээ хүрэн-Сэхээгийн боомтоор нүүрс экспортлох авто замыг хүнд даацын, гурван урсгалтай хатуу хучилттай болгож тээвэрлэлтийн сөрөг нөлөөллийг бууруулсныг албаныхан мэдээлж байна. Харин улс хоорондын жуулчин тээвэрлэлтийг 97 байгууллага гүйцэтгэдэг бөгөөд Улаанбаатар-Дорноговь-Замын-Үүдийн шинэ чиглэл нээгдээд байгаа юм. Хамгийн сүүлд Авто тээврийн үндэсний төвөөс БНХАУ-ын Тяньжин хүртэл тээвэрлэлт хийхээр төлөвлөснөө мэдээлсэн юм.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна