Оюуны бүтээлийг зөв сонгохгүй бол хортой

2015 оны 11 сарын 8

Ном бол хүүхдийг хөгжүүлэхэд хамгийн ойр дотны туслагч гэж  Олон улсын хүүхдийн утга зохиолын зургаан удаагийн шагналт Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондог тодорхойлжээ. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.


-Хүүхдийн ном зохиол бичих тун амаргүй байгаа. Яг л хүүхдийн сэтгэхүйгээр, хүүхдийн сэтгэхүйд нийцсэн бүтээл туурвина гэдэг хэцүү юу, эсвэл бүр амархан уу?

-Хорин нэгдүгээр зуун бол оюун ухааны зуун гэдэг. Өнөөдөр ном дүйцэхүйц хүний оюун ухаан хөгжүүлдэг зүйл алга байна. Телевиз, радио, компьютер, ухаалаг утас зэргээр хүмүүсийн амьдрал технологийн дэвшилтэй нягт холбогдож байна л даа. Гэхдээ хэдийгээр   эдгээр зүйл хэрэгтэй, сайхан ч гэлээ номыг орхиж болохгүй.  Номонд хүний сэтгэл, ухаан шингэсэн байдаг.  Би 2007 онд АНУ-ын ард түмэнд лекц уншихдаа “Ном уншвал толгой хөгжинө, Толгой хөгжвөл, ам хөдөлнө” гэж хэлсэн юм. Гэтэл тэнд сууж байсан Ерөнхийлөгч нь маш хурдан гүйгээд гарсан. Би дотроо  хүмүүсийн дургүйг хүргэчихлээ гэж бодсон. Удалгүй лекц дуусаад гараад ирсэн миний хэлсэн үгийг маш томоор бичсэн байсан. Тэгээд намайг урьсан “HILETS” байгууллагын Ерөнхийлөгч “Би монгол зохиолчийнхоо үгээр хундага өргөж төгсгөмөөр байна. Энэ бол хүн төрөлхтний хамгийн зөв томьёолол” гэж хэлсэн Тэгээд өндөр хөгжилтэй оронд миний үгийг хүлээн зөвшөөрсөн болохоор Монголдоо лекц уншиж эхэлсэн “Зөв монгол хүүхдийг номоор хөгжүүлье” арга хэмжээ маань олныг хамраад өргөн хүрээнд болж өнгөрлөө.  Баруун таван аймаг болон Сэлэнгэ аймагт лекцээ уншсан. Ном бол хүүхдийг хөгжүүлэхэд хамгийн ойр дотны туслагч нь гэж би хардаг. Чиний хэлснээр хүүхдийг хөгжүүлэх, тэдний сэтгэхүйгээр ном бичих хэцүү л дээ.

-Манайд хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх ном зохиол хангалттай байж чаддаг уу?

-Хангалттай байгаа, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш маш их болсон. Тэр олон ном дунд сайн нь ч, муу нь ч бий. Номоо зөв сонгож уншуулах нь чухал. Буруу хоол идсэнээс болж хорт хавдар  тусдаг. Яг үүнтэй адил оюун ухааны бүтээлийг бага насны хүүхдэд зөв сонгож өгөхгүй бол маш хортой. Эцэг эхчүүд маань ном сонголт тал дээр маш их анхаарч үр хүүхдэдээ авч өгөх ёстой. АНУ-д анхны ном гэж байгаа “Малгайтай муур” гээд хүүхэд болгон уншдаг. Яагаад гэвэл энэ ном 264 үгэнд багтсан, нэг ч илүү үг байхгүй. Маш хөгжөөнтэй ном,  хүүхдүүд уншаад л, инээгээд л. Уг номыг уншсан хүүхэд өөрийн гэсэн бодолтой болдог, гүн санааг хүнд суулгадаг. Ерөөсөө ном чинь хүн бүрийг өөр, өөрийн бодолтой өвөрмөц болгодог зүйл юм.

-Та зөв ном сонгох хэрэгтэй гэж байна. Тэгвэл яг ямар номыг эхний удаад уншуулах нь зөв бэ, эцэг, эхчүүдэд зөвлөхөд?

-Манай улсад 40 гаруй хүүхдийн зохиолч байна. Хятад улсад  3000 гаруй, Орос улсад 500 хүүхдийн зохиолч бий. Дэлхий дээр 100 мянга гаруй зохиолч байна. Энэ олон хүний бүтээлүүд бол маш их шүү дээ.

Миний хувьд хүүхдүүдэд гүн ухаанд суурилагдан бичигдсэн, сэтгэлгээний ном уншуулах ёстой гэж үздэг. Социализмын  үед иймэрхүү гүн ухааны ном бичихээр, чи хэнийг хэлээд байна гээд далд санааг нь хориглоод бичүүлдэггүй байсан. Тэгэхээр далд санаа гэдэг бол хоолоор нүнжиг, бурхнаар  бол шүншиг нь байсан. Гүн ухааны хөрс суурьтай бичигдсэн ном, хүүхэд болгоныг өөр өөрөөр хөгжүүлэх боломжтой. Дэлхийд маш сайхан бүтээлүүд байдаг ч монгол хэл дээр орчуулагдаагүй нь харамсалтай юм. Миний “Морьтой үлгэр” гээд ном дэлхийн долоон хэл дээр орчуулагдсан.

-Таны “Морьтой үлгэр” ном дэлхийн хэмжээний хүүхдийн зохиол болсон мэт санагддаг?

-Миний энэ номын тухай Францын алдарт судлаач Жан Фиро шүүмж бичсэн. Ах дүү гриммийн шагналыг хүүхдийн зургаан судлаач зохиолч авсан байдаг. Тэдний нэг нь Энэ ном бол “Андерсаны маягаар бичсэн монгол ном” хэмээн хэлсэн. Тэр нь юу вэ гэвэл Андерсан бол роман бичдэггүй түүний санааг шахсаар байгаад хоёр хуудсанд багтаасан байдаг. Тэгвэл “Морьтой үлгэр” есөн романы санааг шахсаар хэдхэн хуудсанд багтаан бичсэн. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Морьтой үлгэр” номын “Гэрэг” хэмээх үлгэрийг есдүгээр сарын 1-нд  хичээл болгон заасан.

Яагаад энэ зохиолыг хүмүүс одоо сонирхоод байна гэхээр нөгөө социализмын нэг хэв маягт автаагүй, хүүхэд өөрийнхөөрөө ойлгож оюун санааг задлах бүтээл юм.

-Хүүхдүүдийн нас насны онцлогт нь тааруулж унших бүтээл гаргах нь зөв үү. Та хэдэн насны хүүхдүүдэд зориулж бүтээлээ туурвидаг вэ?

-Би бол насны хязгаар тавьдаггүй. Дэлхий дахинд бол гурван настай хүүхэд уншина, таван настай хүүхдэд зориулсан гээд байдаг л юм. Мэдээж, бага насны хүүхдэд роман уншуулна гэж байхгүй. Гэхдээ насны хязгаар хийснээр хүүхдийн зохиолыг ядууруулсан гэж би боддог. Манай ардын үлгэрийг бүх насныхан уншиж болдог. Жишээ нь “Цуутын цагаагч гүү” хүн бүхэн уншдаг мэддэг. Найман настай балчраас, наян настай буурлууд уншдаг. Энэ зохиол  надад багш болж өгсөн. Хүмүүс шүүмжилдэг л дээ намайг. Дэлхий дахин нас заагаад байхад гэж, та тэгсэнгүй гээд. Монгол ардын үлгэрийг хүн бүр уншдаг тэнд нас заагаагүй. Манай улс ардын сайхан уламжлалт өв соёл түүхтэй. Үлгэр туульс арвин. Гэвч сүүлийн үед техник хөгжөөд гар утас, компьютер гарч ирснээс хойш үлгэр туульсаа унших нь багассан харагддаг.

-Тэгвэл хүүхдүүд буцаад ном зохиол сонирхдог болохын тулд юу хийх ёстой вэ?

-Энд буруу зүйл байхгүй. Хүүхдүүд техник техинологийн  хөгжил дэвшилтэй танилцах нь зөв. Яагаад харин ном зохиол унших нь багасаад байна вэ гэвэл энэ бидний буруу. Тэдгээр хүүхдүүдийн сэтгэлийг нь хөдөлгөтөл бичиж чадахгүй байна гэсэн үг.

Ном уншаад инээж баярлаж догдолж хайрлахаар бичиж чадахгүй байна. Тэдний сонирхоод байгаа зүйлийг нь давж гарахаар л бичих хэрэгтэй. Одоо ер нь дэлхий дахин буцаад ном руу тэмүүлж байна. Учир нь эдгээр техник хэрэгсэл чинь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Номонд бол эрүүл мэндэд муугаар нөлөөлөх зүйл байхгүй. Номыг хэн ч хаана ч авч явж болно. Номыг малчны хүү ч уншиж, өвөртөө хийгээд хонины бэлчээртээ авч явна. Ямар нэгэн тогонд залгахгүй шүү дээ.

-Манай улсын зохиолчид олон улсын хэмжээнд хүрэхээр бичиж чадаж байна уу?

-Чадалгүй яах вэ. Л.Түдэв “Хорвоотой танилцсан түүх” Энэ ном бол дэлхийн маш олон орны хэл дээр орчуулагдсан бүтээл. Мөн н.Гармаагийн “Хөгжөөнтэй туужууд” маш сайн зохиол, н.Надмид “Жаран дэгдээхэй”, н.Лувсанцэрэнгийн “Усны эргүүлэг буюу борзогны явдал” гэх мэтчилэн мундаг бүтээлүүд бий. Ганцхан дэлхийн хэмжээнд гаргаж сурталчилж чадаж байна уу гэдэг асуудал л байна. Гэхдээ сайн зохиол бол өөрөө гараад л ирдэг юм.

 

Ж.ХАТАНБААТАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна