Европарламентын Дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

2015 оны 11 сарын 8

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр /2015.11.07/ Европарламентын Дэд ерөнхийлөгч, Финляндын Ерөнхий сайд асан Аннели Жааттийнмаки тэргүүтэй Азийн либерал, ардчилсан намуудын чуулганд оролцож буй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Европарламентын Дэд ерөнхийлөгч, Финляндын Ерөнхий сайд асан Аннели Жааттийнмаки, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Азийн либерал, ардчилсан намуудын зөвлөлийн гүйцэтгэх зөвлөл нь Дэлхийн Либерал Интернационалын гишүүн байгууллага бөгөөд Иргэний Зориг Ногоон нам 2011 оноос тус зөвлөлийн гишүүн болсон байна. 2014-2016 онд Иргэний Зориг Ногоон нам зөвлөлийг даргалж, ээлжит хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа болохыг  танилцуулав.

НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд  хэлэлцүүлгүүд явагдаж буй тус чуулганд Европарламентын Дэд ерөнхийлөгч, Финляндын Ерөнхий сайд асан Аннели Жааттиинмаки, Камбожийн нэртэй улстөрч Сам Раинси, Либерал Интернационалын Ерөнхий нарийн бичгийн дарга Эмил Киржач болон  Азийн либерал, ардчилсан намуудын зөвлөлийн гишүүн 12 орны төлөөлөгчид оролцож байгаа юм байна.  

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн С.Оюун болон албаны бусад хүмүүс байлцав.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна