Хоёр тивийн харилцаанд оруулж буй хувь нэмэр гэв

2015 оны 11 сарын 8

Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн“АСЕМ: Тогтвортой, аюулгүй ирээдүйн төлөө хамтын ажиллагаа” сэдвээр 11 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд Люксембургийн Их Гүнт Улсад болсон АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар уулзалтын хаалтын хуралдаан болон хэвлэлийн бага хуралд үг хэллээ.

Хаалтын хуралдаанд хэлсэн үгэндээ Л. Пүрэвсүрэн “АСЕМ”-ын Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар уулзалтыг амжилттай зохион байгуулсан Люксембургийн Их Гүнт Улсад талархал илэрхийлж, хоёр өдрийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, байгалийн гамшгийн эрсдлийг бууруулах менежментийн асуудлаар Ази, Европын харилцан хамтын ажиллагааны ач холбогдлын талаар нээлттэй санал солилцсондоо таатай буйгаа илэрхийлсэн юм.

Уулзалтын сүүлийн өдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн Европын комиссын гадаад хэрэг аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Ф.Могерини, Люксембургийн Их Гүнт Улсын Гадаад хэргийн сайд Жан Асселборн нарын хамт сэтгүүлчдэд мэдээлэл өгч, зарим асуултанд хариуллаа.

Сайд Л. Пүрэвсүрэн “Монгол Улс Ази, Европын дээд түвшний 11 дэх удаагийнуулзалтыг эх орондоо зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээн авсан нь хоёр тивийн харилцаанд оруулж буй манай улсын хувь нэмрийн нэгээхэн хэсэг юм. Монгол Улс энэхүү нэр төртэй, хариуцлагатай ажлыг гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна.Энэ удаагийн уулзалт АСЕМ-ын 20 жилийн ойн баяртай давхцаж буй нь ач холбогдлыг улам ч нэмэгдүүлж байна” хэмээсэн юм.

Монгол Улсын хувьд АСЕМ-ын 20 жилийн ойтой холбогдуулан, санал санаачлага, төсөл хөтөлбөрийн тухай өнгөрсөн 20 жилийг дүгнэж, ирээдүйн 10 жилийн Ази-Европын хамтын ажилллагаа албан бус яриа хэлцээ ямар хэлбэрээр, хэрхэн үргэлжлэхийг тодорхойлох “Улаанбаатарын тунхаглал” гэх баримт бичгийн төслийг боловсруулан, гишүүн орнуудын саналыг тусгах ажлыг хийх юм.

Түүнчлэн Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн уулзалтын үеэр ОХУ, Их Британи, Япон, Нидерланд, Тайландын Гадаад хэргийн сайд нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар тус тус санал солилцлоо.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна