Салбар нь дампуурч, сайд нь мөнгөжсөн салбар

2015 оны 11 сарын 8

Улстөрч болгон эдийн засаг хямарч, барилгын салбар уруудаж, уул уурхайнхан уналтад орсон талаар ярьж байна. Гэтэл хамгийн чухал, эрүүл мэндийн салбар маань элгээрээ хэвтээд удаж байгаа нь улстөрчдийн сонирхлыг татсан сэдэв биш бололтой. Угаасаа ч улстөрчдөд сохор зоосны ашиггүй бол ард түмэн, иргэдэд хичнээн чухал байлаа ч урагшаа явдаггүй хойно. Тэгээд ч эмийн бизнес эрхэлдэг, эмзүйч гишүүн хүртэл энэ талаар “А” ч гэж дуугарахгүй мөртлөө өөрийнхөө огт мэдэхгүй Тавантолгойн асуудлаар улс төр хийгээд яваад байгаагаас  нэг дүгнэлт хийхэд Монголын эрүүл мэндийн салбар хайя гэх хүнгүй, хайхрах эзэнгүй хаягджээ гэлтэй.

Өдөр ирэх тусам фээсбүүк, твиттерээр хөрөнгө мөнгө, тусламж, дэмжлэг хүссэн өвчтэй , зовлонтой хүмүүсийн гуйлт ихэсч байна. Энэ бүхэн Монголын эрүүл мэндийн салбарт  нуугдсан том асуудал.

Мөнгөтэй, хөрөнгөтэй улстөрчдийн хувьд Япон, Солонгос, Франц, Герман гээд гадаадын орнуудыг зорьдог болохоор  энд өвчиндөө ёолж, шаналж байгаа олон иргэдийнхээ зовлонг тэр бүр хайхардаггүй, сонсдоггүй байх.

Өнгөрсөн долоо хоногт авлигын хэргээр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилжээ. Энэ нь Эрүүл мэндийн сайд авлигад холбогдсон хоёр дахь тохиолдол юм. Үүний өмнөхөн АТГ-ынхан Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын хүүгийн гэрээс  хоёр сая 245 мянган юань (Монголбанкны 2011 оны ханшаар 419 сая гаруй төгрөг) болон 6000 ам.долларыг олсон гэх шуугиан дэгдэж байлаа.   Н.Хүрэлбаатарын хувьд бас л Г.Шийлэгдамба шиг найзынхаа мөнгийг гэртээ хадгалж байсан гэх тайлбар хэвлэлд өгч байсан удаа бий.

Сайд хүнд сайн, муу олон найз байдаг биз. Энэ зэргийн мөнгийг зээлүүлэх эдийн засгийн  түншүүд байдаг ч байх.  Гэхдээ, салбар нь дампуурч байхад сайд нь мөнгөждөг нь эрүүл үзэгдэл мөн үү. Энэ бол  Монголын эрүүл мэндийн салбар авлига хээл хахуульдаа баригдсаны том шинж тэмдэг биш үү. Үнэндээ Монголын эрүүл мэндийн салбарын бүх шатанд хүнд суртал, мэргэжлийн хоцрогдол, авлига, ар өврийн хаалга хавтгайрсныг хүн болгон ярьдаг. Арга ч байж уу, салбарын сайд нь хүртэл “авлига” авахаар чинь тэнд ажиллаж байгаа эмч нь, дарга нь, сувилагч нь бусдын гарыг харж, өнгө мөнгөөр нь ялгаж үйлчлэх нь хэвийн үзэгдэл болж хэвших нь аргагүй юм биш үү.  Тийм ч учраас  хөгжил нь хэдэн арван жилээр хоцрогдож, харин хүнд суртал авлигадаа идэгдсэн энэ салбарыг орвонгоор нь, үндэсээр нь өөрчлөх цаг болсныг сайдын хэрэг санууллаа.

Нийтлэлч Д.Жаргалсайхан энэ талаар нэгэнтээ бичиж байсныг санаж байна. “Гурван сая хүнтэй Монгол Улс төрийн 600, хувийн 1200 эмнэлэгтэй аж. Эрүүл мэндийн салбарт 7500 эмч, 9200 сувилагч, нийт 40-өөд мянган хүн ажиллаж, 10.000 хүнд 27 эмч, 36 сувилагч, 58 ор ногдож байгаа нь тооны хувьд хөгжингүй орнуудаас дээгүүр ч, чанар нь хөгжиж буй орнуудынхаас доогуур гэнэ” гэж.  

Иргэн баян бол улс баян гэдэг. Тэгвэл иргэн эрүүл бол улс баян байх бус уу. Үүний тулд эрүүл мэндийн даатгалын тогтолцоондоо өөрчлөлт оруулъя. Намын бодлогоор бус мэргэжлийн чадварлаг хүмүүсээр энэ салбарыг удирдуулъя. Эмч мэргэжилтнүүдийнхээ харилцааны соёлыг дээшлүүлж, мэдлэг боловсролыг нь нэмэгдүүлье. Ерөөс энэ салбарыг бүхэлд нь өөрчилье. “Муу дээрээ муу, муухай дээрээ улцан” гэгчээр сайд нь хүртэл авлига авч байгаад газар дээрээ баригдсан нь бас юучив дээ.

 Т.СОЛОНГО

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна