Хятад, Тайванийн лидерүүд уулзлаа

2015 оны 11 сарын 8

 

Хятадын дарга Си Жиньпин,  Тайванийн ерөнхийлөн захирагч Ма Инцю нар арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Сингапурт уулзлаа. Иргэний дайн төгссөн 1949 оноос хойш Хятад, Тайваний лидерүүд анх удаагаа уулзсан нь энэ юм.  Тайванийн ерөнхийлөн захирагч Ма Инцю “хоёр тал бие биенийхээ үнэт зүйлийг хүндлэх ёстой” гэсэн бол Си Жинпин “Бид нэг гэр бүл” хэмээн гар барилцсанаар уулзалт эхэлжээ. Уулзалтын зорилго нь Тайванийн хоолойн орчимд  хоёр Хятадын хооронд дайсагналыг намжааж, энх тайвныг хангах явдал байв. Уулзалтын дараа Тайванийн ерөнхийлөгч захирагч Ма Инцю Хятадын даргатай яриа хэлцэл нөхөрсөг, эерэг байсныг онцолсон байна. Гэхдээ хоёр тал ямар нэгэн том гэрээ хэлцэл байгуулаагүй гэжээ.

 

Хэвлэлийн бага хуралд Тайванийн ерөнхийлөн захирагч Ма Инцю оролцож, сэтгүүлчдийн асуултанд чөлөөтэй хариулжээ. Харин Хятадын талаас Си Жинпиний оронд Тайванийн хэргийг хариуцсан сайд Жан Жицюнь тусгайлан бэлтгэсэн илтгэлийг уншиж танилцуулсан байна. Хэвлэлийн хурал 30 минут үргэлжилсэн аж.

 

Сэтгүүлчдийн тавьсан гол асуудал нь Тайванийн арлыг чиглэсэн гэх Хятадын баллистик пуужингуудын талаар байв. Ма Инцю үүнд “Хятадын дарга тэдгээр пуужингууд үнэндээ Тайванийг чиглээгүй гэдгийг баталсан” хэмээн хариулжээ. Тайванийн иргэд Хятадын пуужин хэзээ ч хамаагүй арлыг сүйтгэх хүчин чадалтай хэмээн өдөр тутмын зугаа мэт ярих болсон аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС, QZ.COM

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна