Дуу авиагаар өвчин эмчилж болно

2015 оны 11 сарын 8

Дуу авиа анагаах чадвартай байдаг гэдгийг хүн төрөлхтөн эрт дээрээ үеэс олж мэдээд өдөр тутмын амьдралдаа өргөн ашиглаж ирсэн байдаг. Түүхээс харахад эртний Египетэд нойргүйдэх гэгч таагүй эмгэгтэй хүмүүсийг эмчлэхдээ найрал дуу ашигладаг байж. Өрнө дахины соёлын өлгийг гэгддэг Эртний Грект мэдрэлийн системийн хямрал, буюу бидний хар яриандаа мэдрэлийн ядаргаа гэгддэг эмгэгийг эмчлэхдээ бүрээ дуугарагдаг байсан байх жишээтэй. Дорно дахины соёлын том өлгийг болсон Энэтхэгт мөн л ялгаагүй ийм арга эрүүл мэндийн салбарт ашигладаг байжээ. Тодорхой хэмнэлтэй цан цохих, бүрээ үлээх, маани унших зэргээр дуу авианы хүчээр стресс, ядаргааны өвчинг эмчилдэг байж. Орчин үед судлаачид нарийн техник хэрэгсэл ашиглан дуу авианы анагаах чадварыг судлан эртний хүмүүсийн зөв байсан гэдгийг нотлоод байгаа гэнэ. Тухайлбал, түгшүүртэй тайван бус байдалтай, ядаргаатай байгаа хүн 20-30 минут орчим чин сэтгэлээсээ дуулахад бие махбодь тайвшран бодисын солилцоонд нааштай өөрчлөлт гардгийг тогтоосон аж.

Дуу авиа нь сэтгэл хөдлөлийн түвшинд нөлөө үзүүлэхээс гадна бие махбодид био резонанс үүсгэдэг аж. Зарим хөгжмийн зэмсгийн дуугаралтыг сэтгэл санааг сэргээх, эд эрхтэнийг нөхөн сэргээх, биеийн эсэргүүцлийг сайжруулахад ашиглана. Жишээлэхэд, хийлийн аяс сэтгэлийн шархыг түргэн илааршуулдаг бол лимбэний аяс уцаарламтгай байдлыг арилгаж амьсгалын системд таатай нөлөөлнө.

Чавхдаст хөгжим, кларнет буюу бялар, бөмбөр нь цусны даралт ба зүрхний ажиллагааг хэвийн болгоно. Төгөлдөр хуур нь бөөр, давсаг, бамбай булчирхай -н ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг. Саксфон нь  бэлгийн чадавхыг дээшлүүлдэг бол баян хуур хөгжим нь хэвлийн хөндийн эрхтэнийг илааршуулдаг, бүрээ нь радикулит, ёочин нь элгэнд тустай гэнэ. Орган буюу баг бишгүүр хөгжмийн аяс нь сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхтэй зэрэгцэн нугасаар дамжин өнгөрч байдаг энергийн урсгалыг зохиролтой болгодог.

Дуу, авиа болгон өөрийн гэсэн давтамжтай бөгөөд энэ давтамж нь хүний биеийн аль нэг эрхтэний хувийн давтамжтай давхцан резонанс буюу давхцал үүсгэснээр илаарших нөлөө үзүүлдэг. Тухайлбал, мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ходоод гэдэсний замын давхцал үүсэх давтамж нь “фа” ноттой тохиродог. Харин “до” нот нь үлдээс илааршихад сайнаар нөлөөлнө. “Си”, “соль”, “до” нотуудын хослолыг хавдар-ын эмгэгтэй өвчтөний эмчилгээнд ашиглаж болно.

Бясалгалын болон дорно дахины шашны аяс нь залуу насыг хадгалах, хөгшрөлтийг удаашруулах нөлөө үзүүлдэг байхад жаз хөгжмийн хэмнэл нь цусны эргэлт ба зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг, сонгодог хөгжим мэдрэлийн системийг тайвшруулан сэтгэл санааг өөдрөг болгоно. Сэтгэл санаагаа өөдрөг, сэргэлэн цовоо болгохын тулд хөгжмийн заавал өдөржин шөнөжин сонсох хэрэггүй байхгүй хэсэгхэн хугацаанд л сонсоход хангалттай байдаг аж.

Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш хамгийн удаан сонсож байгаа аяс нь яах аргагүй байгалийн өөрийн унаган дуу авиа. Гол, горхины чимээ, шувуун жиргээн, борооны дусал, салхины сэвшээ, гал дүрэлзэх дуу, далайн давалгаа, шинэхэн орсон цасны хүржигнэх авиа гээд бүгд хүнд маш сайн нөлөө үзүүлдэг. Иймээс дуу авиа засал эмчилгээнд байгалийн дуу авианы эмчилгээ гэсэн тусдаа хэсэг бий болж амжилттай ашиглагдаж байгаа. Байгалийн дуу авиа их хотын хүмүүст хамгийн сайнаар нөлөөлдөг.

Амьтдын гаргадаг дуу авианы дундаас дельфин буюу далайн гахайн дуу хүнд хамгийн сайн нөлөө үзүүлдэг гэдгийг эрдэмтэд хэдийн тогтоосон. Зүгээр нэг тогтоогоод орхисонгүй Америкаас эхлээд Орос хүртэл дэлхийн олон оронд амжилттай ашиглаж байна. Дельфины гаргадаг өвөрмөц дуу нь тархины янз бүрийн өвчин эмгэг болон үргүйдлээс эмчлэх нөлөө үзүүлдэг. Дельфин эмчилгээнд хамрагдсан нийт хүний 70 хувьд нь ямар нэг байдлаар нааштай өөрчлөлт гарсан байдаг. Өөрөөр хэлбэл илааршиж эхэлнэ.

Дуут аягаар эмчилдэг өвөрмөц эмчилгээ Түвдэд байдаг. Тусгай хайлшаар хийсэн аягыг эмчлүүлэгчийн бие дээр тавиад нарсан савхаар аяганы амсрыг шүргүүлэн тойруулж эргүүлэхэд аяга аяндаа өвөрмөц дуу гаргаж эхэлдэг. Энэ дууны чичиргээ нь яваандаа бүх биеэр тархан дотор эрхтэнүүдэд сайн нөлөө үзүүлнэ.

Дийлэнх шашны сүм хийдэд хонх байдаг. Тэгвэл энэ сүм, хийдийн хонхны дуу авиа нь бас л эмчилгээний нөлөө үзүүлдэг. Европын сүм хийдийн буюу христийн шашны сүм хийдийн хонхны дуу нь нойргүйдэл, сэтгэл гутрал, шалтгаангүй айдас зэргээс ангижрахад сайнаар нөлөөлнө. Хонхны гаргадаг авианы чичиргээнд агуулагддаг энерги нь хүнд илааршуулах, шинэчлэгдэх нөлөө үзүүлдэг. Манай шар малгайтны лам нар айлд очиж ном уншихаараа заавал хонх авч явдаг ч үүнтэй холбоотой бололтой.

Өөрийн дуу хоолойгоор эмчлэх

Бидний дуу хоолой ч мөн адил чичиргээ, энерги агуулсан авиа юм. Хүний хэлж байгаа дуу авиа нь хөгжмийн зэмсгийн гаргадаг дуу авиатай адилаар эмчилгээний нөлөө үзүүлдэг гэдгийг хэдийн баталсан. Хүнийг дуулахад гарч байгаа дуу авианы долгионы ердөө 20 хувь нь гадагш чигэлж, үлдсэн нь дотогшоо хүний бие рүү чиглэн дотор эрхтэнд резонанс үүсгэдэг. Дуулж өөрийгөө эмчлэх нь яг үүн дээр тулгуурласан гэж болно.

Хүн заримдаа хэрэгтэй дуу авианы өнгө, хэмнэлийг өөрөө ч мэдэлгүй зөнгөөрөө олсон байдаг. Жишээлэхэд, хурц өвдсөн үед ямар ч хүн өөрийн мэдэлгүй ёолж, орилж эхэлдэг. Хачирхалтай санагдаж болох ч ёолох, орилоход гардаг дуу авиа нь өвчин намдаах нөлөө үзүүлдэг. Ёолоход гардаг дуу авиа нь тархины зарим хэсгийг идэвжхүүлэн, заримынх нь үйл ажиллагааг удаашруулдаг. Мөн ёолж байгаа хүний цусанд эндорфин нэртэй гормон их хэмжээгээр ялгарснаар өвдөлтийг намжаах нөлөө үзүүлнэ. Иймд жишээлэхэд шүд чинь өвдөж байгаа үед сул дуугаар ёолоход буруудах зүйл огт байхгүй.

Өнгөрсөн зууны эхээр Оросын нэрт эрдэмтэн В.Бехтерев дуу авианы эмчилгээний нөлөөг судлах тусгай хороо байгуулан нэлээд ул суурьтай судалгаа явуулсан байдаг. Энэхүү хороо нь дуу хөгжим сонсох, өөрөө дуулах нь зүрх судасны систем, амьсгалын систем, мэдрэлийн төв ба хөдөлгөөн хариуцсан системт эерэг нөлөө үзүүлдэг болохыг тогтоож. Ингэж нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл хүний биед байдаг. Дуу авиаг хүлээн авч боловсруулдаг тархины хэсэг нь амьсгал ба зүрхний агшилтыг давхар хариуцаж байдаг аж. Тиймээс хөгжим сонсох үед хүний амьсгал ба зүрхний цохилтын давтамж хөгжмийг даган хар аяндаа буюу автоматаар өөрчлөгддөг.

Орчин үед дуу дуулах замаар эмчилгээ явуулах аргыг сэтгэл гутрал, невроз, шалтгаангүй айдас гэх мэт сэтгэцийн олон тооны өвчин эмгэгийг эмчлэхэд ашиглах болсон. Мөн амьсгалын замын эмгэгтэй хүмүүст ч дуу дуулах эмчилгээг заадаг. Учир нь, дуулах үед уушиг ажиллан багтаамж нь нэмэгддэг.

Дуу дуулах эмчилгээг хэрэглэхийн тулд сонсгол, зөв буруу хоолой огт хамаагүй. Гол нь ямар авиа аль эрхтэнд нөлөө үзүүлдэг мэдсэний үндсэн дээр өөрт хамгийн тохиромжтой эмчилгээний дууг өөрөө зохиох хэрэгтэй.

Эмчилгээг явуулахдаа гараа биеийн дагуу сул тавин биед эвтэй байдлаар суугаад асуудалтай байгаа эрхтэн дээрээ анхаарлаа төвлөрүүлэн чанга биш дуугаар авиаг дуудаж эхэлнэ. Авиаг амьсгал гаргахдаа гарагах бөгөөд 2-3 секунд тутам 10-12 удаа дараалан давтана.

“А” авиа нь зүрхний ажиллагааг дэмжин идэвхжүүлж, базлалтыг тавиулж, цөсний хүүдийг илааршуулах нөлөө үзүүлнэ.

“Е” авиаг өндөр өнгөөр дуудвал цагаан мөгөөрсөн хоолой, бамбай булчирхайнд нөлөөлнө.

“И” авиа нь зүрх ба хараанд сайнаар нөлөөлж, тархины ажиллагааг идэвхжүүлэн хамрын хөндийг цэвэрлэж, нарийн гэдэсний ажиллагааг сайжруулна.

“О” авиа нь нуруу, нугас, зүрх, нойр булчирхайнд сайнаар нөлөөлнө.

“У” авиа нь амьсгалыг жигдлэн бөөр, давсаг, бэлэг эрхтэн -ийг эмчилгнэ.

“Ы” авиа нь амьсгал, сонсголд эергээр нөлөөлнө.

“Э” авиа нь тархины үйл ажиллагааг сайжруулна.

“Ю” авиа нь өвдөлтийг намжааж, бөөр, давсгагийг илааршуулна.

Хэт чанга дуу авианаас зайлсхий

Хэт чанга, түрэмгий, өндөр хэмнэлтэй дуу авиу нь хүний дотр эрхтэнд сөрөг нөлөөлдөг. Эмч нар газар хөдлөх, байшин нурах, цасан нуранги гулсаж байгаатай адил нүргэлсэн нам давтамжтай авиатай, нам давтамжтай бичигддэг аястай дуу хөгжим хүний биед хамгийн сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. Учир нь, нам давтамж гарах нь ямагт аюул дагуулдаг гэдгийг хүн олон мянган жилийн турш үе дамжуулан генийн санах ойндоо биччихсэн байдаг тул удаан сонсох нь тамирдах, сульдах, сэтгэл гутрах гэсэн таагүй үр дагаварт хүргэдэг.

Үүнээс гадна нам давтамжтай дуу авиа нь янз бүрийн булчирхайн үйл ажиллагааг алдагдуулсны дааврын буюу гормоны тэнцэл алдагдах таагүй нөлөөтэй. Жишээлэхэд, цусан дахь инсулины хэмжээнд нөлөөлснөөр чихрийн шижин үүсэхэд нөлөөж магадгүй, сэтгэл санааны түвшинд байнгын айдсыг давж гарах гэсэн чармайлт нь өөрийгөө удирдах чадварыг үгүй хийж, шалтгаангүй түрэмгий авир үүсгэнэ.

Мөн элдэв таагүй утга агуулсан хараал зүхлийн үгс хүнд маш муу нөлөөлдөг. Дээр хэлсэнчлэн хүний гаргаж байгаа дуу авианы 20 хувь нь гадагшаа бусад 80 хувь нь дотогш чигэлж байдаг тул элдэв хараалын үг хэлж байгаа хүн юуны өмнө өөртөө хор хүргэж байдаг.

Машин унаа, барилгын дуу чимээ, хөрөөний хяхарсан дуу гэх мэт хүний техникийн гаралтай дуу чимээ нь хүнд мөн л таагүй нөлөөлдөг. Ийм чимээнд тогтмол удаан байх нь ядаргаа, сульдаанд хүргэж, шалтгаангүй түгшүүрийн байдал бий болгодог. Том хот суурийн газар аж төрдөг хүмүүсийн дунд дүлийрэл нь хөдөөгийн орон нутгийн оршин суугчдын дундахаас илүү олон удаа тохиолддог нь үүний жишээ.

Манай хотод зүгээр л байна шүү дээ гэж болох ч Улаанбаатар түүхэндээ хэзээ ч ингэж их нүргэлсэн дуу, шуугиантай, олон хүнтэй, олон барилгатай байгаагүй, зөвхөн сүүлийн хориод жилийн дотор л ийм болсон гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр үр дагавар нь илэрч гарах арай болоогүй байгаа хэрэг. Иймд энд дурдагдсан таагүй дуу авианаас аль болох зайлсхийхийг хичээгээрэй. Чихээ амраахын тулд гэртээ ирээд утсаараа байгалийн дуу авиа сонсоход л хангалттай шүү дээ.

ЭХ СУРВАЛЖ: 103.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна