Малын халдварт өвчний гаралт 20 удаа бүртгэгджээ

2015 оны 11 сарын 8

Улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт гурван төрлийн өвчин он гарсаар 20 удаа бүртгэгджээ. Үүний гурав нь шүлхий, 16 нь хонины цэцэг, нэг нь гахайн мялзан байжээ.  Мөн халдварт найман төрлийн өвчний 155 тохиолдол гарч 20 аймагт давхардсан тоогоор 140 суманд 170 гаралт бүртгэгдсэн байна.  

Тухайлбал Ховд аймгийн Булган, Үенч суманд шүлхий өвчний дөрөв, Сүхбаатар аймгийн Уулбаян суманд нэг, Баян Өлгий аймгийн Алтай суманд гурван тохиолдол бүртгэгдсэн. Хамгийн сүүлд Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт гарсан шүлхийгээр 19 өрхийн 18 үхэр, 62 хонь, 10 ямаа, нийт 90 мал өвчлөөд байна. Нэгдүгээр ээлжийн урьдчилан сэргийлэх тарилгад 89 мянга гаруй малыг хамруулсан бөгөөд хоёрдугаар ээлжийн тарилгыг энэ сарын 1-нээс хийж эхэлсэн юм.    

Энэ онд нийт 3 сая тун вакцин худалдан авч эхний хэсгээр нь зургаан аймгийн 43 сумын давхардсан тоогоор 3.4 сая толгой малыг вакцинжуулжээ.

Энэ оны эхний арван сарын байдлаар малын гоц халдварт хонины цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Онгон, Сүхбаатар, Баяндэлгэр, Халзан, Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад, Баянтүмэн, Дорноговь аймгийн Улаанбадрах, Айраг, Өргөн, Сайхандулаан, Сайншанд суманд гарч 200 гаруй толгой мал өвчилжээ. Одоогоор Дорноговь аймгийн Сайншанд, Хэнтий аймгийн Баян Овоо сумын голомтоос бусад голомтод нэмж мал өвчлөөгүй учир хорио цээрийн дэглэмийг цуцалсан. Гэвч өмнө гарсан болон хил залгаа сумдад өвчин шинээр бүртгэгдэж гаралт, тархалт нэмэгдэж байна. Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх 1,04 сая тун вакцин үйлдвэрлэж эхний 10 сарын байдлаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт хэрэгцээт вакциныг хуваарилан дархлаажуулалтын ажил хийгдэж дуусчээ.  

Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага халдварт өвчин гарсан үед хорио цээр, хязгаарлалт тогтоон, вакцинжуулах, өвчтэй мал, амьтныг устгах, булшлах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэг арга хэмжээ авлаа. Мөн хүн, малын шилжилт хөдөлгөөн, малын тэжээллэг, арчилгаа маллагаа, өвчнөөр үхсэн болон зайлшгүй шаардлагаар нядалж устгасан малын устгал, өвчний голомтын ариутгал халдваргүйжүүлэлт,  эм, био бэлдмэлийн хадгалалт, тээвэрлэлт, ариутгалын бэлдмэлийн чанарт хяналт тавин ажиллаж байна. Хонь, ямааны цэцэг өвчин хоёрдугаар сараас зүүн бүсийн аймгуудад тасралтгүй гарч байгаа нь энэ өвчнөөр өвчилсөн, өвчний ил шинж тэмдэгтэй малыг устгахад шаардагдах хөрөнгө, нөхөн төлбөр олгох боломжгүй гэдгээс шалтгаалж хүн, тээвэр, малын шилжилт хөдөлгөөнөөр дамжин халдварлаж байна гэж үзэж байна. 

Хөвсгөл аймгийн 13 суманд адууны боом ихэвчлэн гарсан нь өмнөх жилүүдэд урьдчилан сэргийлэх вакцины захиалга хийгддэггүй байсантай холбоотой юм. Мөн эрүүл бүсэд богино хугацаанд малын шилжилт хөдөлгөөнөөр дамжин халдварлах боломжтой гэж Мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэж байна. Галзуу өвчнөөр өвчилсөн 408 мал, амьтдын 27,9 хувь нь зэрлэг амьтад байгаа нь  хоол тэжээлийн хомсдол, өвчлөл эмгэгээс шалтгаалж тухайн амьтдын биеийн эсэргүүцэл суларч, өвчний үүсгэгч мал, амьтан, бэлчээр, ус, хүүр, сэг зэмээр дамжин тархсантай холбоотой гэж болно.  

Вакциныг хугацаанд нь захиалгын дагуу нийлүүлдэггүй, вакцинжуулалтын явцад хүйтэн хэлхээ хэрэглэдэггүйгээс вакцин чанараа алдах, малын сэг зэмийн устгал, өвчний голомт, хашаа хороонд ариутгал, халдваргүйжүүлэлтийг зааврын дагуу хийдэггүй,  бэлдмэлийн нөөц хүрэлцээгүй, малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналт суларсан, орон нутгийн удирдлагууд хорио цээр, хязгаарлалтын үеийн зардлыг төсөвт бүрэн гүйцэд тусгадаггүй зэргээс халдварт өвчний гаралт нэмэгдсээр байна гэж мэргэжлийн хяналтынхан үзэж байгаа юм.

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна