Төрийн тансаглал

2015 оны 11 сарын 9

“Шилэн данс”-ыг шинжвэл хувийн хэвшлийнхний хуруу хумсаа хуйхлах шахам олсон татварын “бор”-оор төрийнхөн ч “тоглох” шиг болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан боловсруулж, УИХ-аар баталсан Шилэн дансны хууль хэрэгжээд бүтэн арван сар өнгөрч байгаа юм. Энэ хугацаанд 21 аймгаас 15 нь “Шилэн данс” хөтлөөгүй бол яамдаас 3 нь хөтлөлгүй том толгойлжээ. Хөтөлсөн зарим аймаг нь буруу ташаа мэдээлэл тавьсан. Жишээ нь Өвөрхангай аймаг Ерөнхий сайдад зориулж 9 сая төгрөгийн үнэтэй мөнгөн аяга хийлгэж, бэлэглэсэн нь ташаа болж, “Шилэн данс”-ны бүртгэлээсээ мэдээллээ хассан байна. Энэ байдлаар бол орон нутагт “Шилэн данс”-ыг хөтөлнө гэдгийг ч бантагнуулж буй бололтой.

Татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулахаас сэргийлж, улсын төсөвт үнэлэлт дүгнэлт өгдөг Аудитын ерөнхий газар хямралын үед ч тансаглахыг үзүүлж өгчээ. Шинэ тавилга худалдан авахад зориулж 49,880,000.0 төгрөгийг зарцуулсан байна.

Тансаглалаа зөвтгөсөн тайлбар нь их гоё. Өрөө тасалгааны зай талбайг ашиглан, том ширээнүүдийг багасган, сүүлийн үеийн оффисын жижиг ширээ тавих нь зардал хэмнэнэ гэж үзэн нийт 96 хүний зай талбай бага эзэлдэг ширээ, сандал, шүүгээ авч тавьснаар нэг өрөөнд 5-6 хүн ажилладаг байсан бол одоо 10-12 хүн ажиллах боломжтой болсон гэж тайлбарласан байгаа юм.

Үүнээс гадна аудиторуудын орон сууцны урьдчилгаанд зориулж буцалтгүй тусламж хэлбэрээр 180 сая төгрөг олгосон. Ер нь төрийн албаныхны тансаглалыг хязгаарлахын тулд зарим хууль, тогтоомжоо өөрчлөлт оруулахгүй бол энэ мэт буцалтгүй тусламжаас гадна урамшууллыг ч аймгийн Засаг даргын Тамгын газарт хүртээж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын “Шилэн данс”-ыг шүүвэл Сүхбаатар, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрыг тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулжээ.

Тахарын ерөнхий газрынхан “Чингис хаан” цогцолборт очсон бололтой юм, тэнд гурав хоног саатахдаа 5 сая төгрөгийг хоолонд өгчээ.

Хүүхдийн төлөө үндэсний газар “Эх орон-36” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд долоо хоногийн хугацаанд 84 сая төгрөгийг “цацсан” байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын чуулганы танхимд хийсэн мэдээллээр бол “Эрдэнэс Оюутолгой" ХК 1 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлж хуулийн зөвлөх үйлчилгээнд зарцуулсан бол “Эрдэнэс тавантолгой” компани мөн хуулийн зөвлөх үйлчилгээнд 5.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүгээр бол төрийн өмчит компаниуд хуулийн зөвлөх үйлчилгээ авахад томоохон хөрөнгө “урсгаж” байна. Үр дүн л гаргаасай гэж найдах л болж байна.

Төсөв захиран зарцуулах эрх гарт нь төвлөрдөг болоод ч тэр үү, хаадын хөрөг зуруулан албан тасалгаагаа орд музей мэт болгон чимэглэсэн Засаг дарга ч байх юм.

Хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд болох “Эрдэнэт”, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Монголын цахилгаан холбоо” компаниуд одоо хэр нь “Шилэн данс” хөтлөөгүй нь Орос, Солонгосын талаас зөвшөөрөл авч чадаагүйтэй холбоотой аж. Төрийн өмчийн хорооны даргын тайлбараар бол Монголын Цахилгаан холбоо компанийн 5 саяаас дээш төгрөгийн орлого, зарлагыг олон нийтэд мэдээлэх бол бусад оператор компаниудын мэдээллийг ч хамтад нь мэдээлэх шаардлагыг хөрөнгө оруулагч талаас тавьж буй аж. Гэтэл хувийн компаниудын мэдээллийг тавих боломжгүй. Үүнээс болж хууль хэрэгжсэн 10 сарын хугацаанд Монголын цахилгаан холбоо компанийн мэдээлэл олон нийтийн хүртээл болж чадаагүй байна.

Харин “Эрдэнэт”, “Улаанбаатар төмөр зам” зэрэг томоохон хөрөнгө эргэлддэг үйлдвэр, нэгтгэлийн хувьд удахгүй болох хувь нийлүүлэгчдийн хурлаар асуудлыг хэлэлцүүлж, шийдэл гаргах аж.

Төрд ажиллагсад тансаглалаа хязгаарлахгүй бол татвар төлөгчдийн мөнгө гарын салаагаар нь урссаар л байх нь. Өрөөлийн төлөө зүтгэх тангараг өргөчихөөд өөрийгөө бөөцийлөөд байж болох уу.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна