Ойлголцол, эвлэрэл, дэмжлэг шаардаж байна

2015 оны 11 сарын 9

Сэтгүүлч:
Д.Нарантуяа

-25 жилийн өмнө хийсэн монголчуудын сонголтыг улам бататгах, улс төрийн хүрээнээс хамаарсан гацааг арилгахад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт эергээр нөлөөлнө-

Өнгөрсөн Баасан гаригт УИХ-д өргөн барьсан гурван хуулийн төсөл нь Монголын улс төр, нийгмийн харилцааг дараагийн шинэ шатанд гаргах зорилго бүхий хуулийн төслүүд юм. Эдгээр нь Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөл, Сонгуулийн тухай хуулийн төсөл, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслүүд юм.

Монгол улс эдүгээ 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг мөрдөж буй. 1992 оноос хойш 2000 онд нэмэлт өөрчлөлт оруулж байсан. 1992 оны шинэ ардчилсан Үндсэн хууль нь 1990 онд монголчуудын сонгосон ардчилсан нийгэмд шилжих шилжилтийг баталгаажуулсан гол баримт бичиг. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн олон өөрчлөлтийг энэхүү хуулийн хүрээнд хийж ирсэн. Гэвч 1992 онд ард нийтээр хэлэлцэн баталсан Үндсэн хуулийн зарим зүйл, заалт өнөөгийн амьдралын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд дутмаг болж, зайлшгүй зохицуулалт шаардаж байгаа нь Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах нөхцөлийг бий болгож байгаа юм. Нэн ялангуяа засаглалын институц хоорондын харилцааг илүү боловсронгуй болгох шаардлага байгааг улс төрийн хүчнүүд, судлаачид хэлсээр ирсэн. Үндсэн хуулийг өөрчлөх нэгдсэн ойлголтод хүрэх зам амар байгаагүй. Гэсэн ч сүүлийн жилүүдэд ажиглагдаж буй улс орны хөгжилтэй холбоотой амин чухал зарим асуудлууд засаглалын институц хоорондын харилцаа, эрх үүргээс шалтгаалан бие биеэ барьцаалан гацах болсон нь ийнхүү нэгдсэн ойлголтод хүрэх замыг дөтөлсөн гэж хэлж болно. 25 жилийн өмнө хийсэн монголчуудын сонголтыг улам бататгах, улс төрийн хүрээнээс хамаарсан гацааг арилгахад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт эергээр нөлөөлнө гэсэн нэгдсэн ойлголт бий болсоныг энэхүү хуулийн төсөл өргөн баригдсан явдал нотолж буй хэрэг. Тиймээс энэхүү Үндсэн хуулийн өөрчлөлт монголчуудаас дахин нэг эвлэрэл, ойлголцол, дэмжлэгийг шаардаж байна.

1992 оны Үндсэн хуулийг нийт ард иргэдийн өргөн оролцоотойгоор баталж байсан. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийг ч мөн нийт иргэдийн санал асуулгаар шийдэхээр төсөл санаачлагчид үзэж, холбогдох хууль буюу 1995 онд батлагдсан Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь өргөн барилаа. Монгол улс 2012 оны парламентын, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг цахим хэлбэрээр явуулсан бөгөөд Ард нийтийн санал асуулгын хуулийг энэ хэлбэрт нийцүүлэн өөрчлөхөөр санал өргөн барьжээ. Төсөл санаачлагчдын зүгээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг энэ сарын 26-ны өдөр явуулахаар товлож байна. Санал асуулгад үндэслэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ ондоо багтаан хийх юм.


Үндсэн хуульд оруулахаар санал болгож буй өөрчлөлтүүд

  • Үндсэн хуулийг Эх хууль хэмээн нэршлийг өөрчлөх,

  • Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно,

  • Ерөнхийлөгчийг ард нийтийн сонгуулиар биш УИХ-ын гишүүд, аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ИТХТХ-ын дарга нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, нууц санал хураалтаар олонхийн санал авсан хүнийг Ерөнхийлөгчид сонгогдсон гэж үзэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана,

  • Засгийн газар есөн яамтай байна,

  • Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгчид толилуулж, УИХ-д танилцуулснаар уг шийдвэрийг батламжилсан УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно,

  • УИХ-ын нийт гишүүдийн олонх нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал УИХ уг асуудлыг гурав хоногийн дотор хэлэлцэх бөгөөд олонхийн саналаар дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилсон, өмнөх Ерөнхий сайдыг огцруулсан тухай УИХ-ын тухай тогтоол батлагдсан тооцно,

  • Улсын Дээд шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор УИХ, бусад шүүхийн шүүгчдийн томилгоог Ерөнхийлөгчийн зарлигаар хийнэ, Ерөнхий шүүгчийг Дээд шүүхийн шүүгчид дотроосоо гурван жилийн хугацаатай олонхийн саналаар батална,

  • Улсын Ерөнхий прокурорыг Ерөнхий сайд нэр дэвшүүлж, УИХ-ын зөвшөөрснөөр, Ерөнхийлөгч зарлиг гарган зургаан жилийн хугацаатай томилно,

  • УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж 99 болгох,

  • УИХ-ын бүрэн эрх таван жил байх,

  • УИХ-ын дэд даргыг гишүүдийн дотроос саналаа нууцаар гарган сонгодог байх,

  • ИТХ-ын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй, харин баг, хорооны иргэдийн хурлаас сум, хотын ИТХ-ын төлөөлөгчдийг, сум, хотын ИТХ-аас аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгож, ИТХ-ыг байгуулах,

  • Аймаг, Улаанбаатар, дархан, Эрдэнэт хотын Засаг даргыг Ерөнхий сайд, баг, хорооны Засаг даргыг сум, хотын Засаг дарга томилж, чөлөөлөх,

  • Ерөнхийлөгчийн эрхэд одоо хадгалагдаж байгаа Засгийн газарт чиглэл өгөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх заалтыг хасах,

  • Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүнийг Ерөнхийлөгчөөс санал болгож байгааг хасч, Ерөнхий сайдаас санал болгох.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна