Бурхадаас ч өмнө...

2015 оны 11 сарын 9

НЭГ. Эртний бүх домгуудад бурхад бүгдийг бүтээсэн гэдэг. Бүтээгч бурхдын сайн үйлээр цаг хугацаа хийгээд амьдрал эхэлсэн хэмээх өвөг сэрлийн жигтэйхэн уран “таамаглал” –ууд ч бий. Майячууд хүмүүсийг модноос үүссэн гэдэг бол эртний Хятадууд хулснаас мэндэлсэн гэх. Хэдий орон зайн хувьд ертөнцийн бараг хоёр талд боловч хүний үүслийн тухай сэтгэлгээнд ямар нэгэн далдын холбоо байхыг бид олж мэднэ. Харин ямар холбоо байсныг тогтоож чадахааргүй уртаас урт олон жилүүдийг туулсан билээ. Тэгэхээр биднийг / бид гэдэг нь хүмүүс/ бурхад ямар нэгэн зүйлээр эсвэл ямар нэгэн зүйлээс САНАА авч бүтээхдээ ганцаардуулахыг хүсээгүй. Өнө мөнхөд дэргэд байх нь ер бусын гайхамшигтай амьд зүйлүүдийг бас хамт бүтээжээ. Тэднийг бид АМЬТАД гэж нэрлэдэг. Даанч ХҮМҮҮС “бид л ОЮУН УХААНТАЙ бусад нь зөвхөн БИДНИЙ ашиг сонирхол, үйл хэрэг, тусын тулд бүтээгдсэн” гэж төрөл дотроо ХААНЧЛАХ санаархалаа эртнээс хэрэгжүүлж эхэлжээ. Яг тэр цагаас хүний мөн чанарт ШУЛМАСЫН хорлол амилж, БИРДИЙН явдал цэцэглэн дэлгэрчээ. Хүн байгаль хэмээх язгуураас холдож, нийгэм гэх төөрдөг байшингаа бүтээж, өөрөө өөрийгөө сайн дураараа “хайрцаглаж” эхэлсэн түүхтэй. Бараг л саяхны санагдах Эльфүүдийн домог, шидтэнгүүдийн домог бол байгалийн эх гарвалтай бус харин нийгмийн зөрчилд бүтээгдсэн “шинэ домогчлол” юм. Шинэ домгуудад ӨС ХОНЗОН, ИД ШИД хоёр хачин хаос чанартай сүлжилдсэн байдаг. Харин нэн эртний өвөг домгуудад хэт туйлын санаа, ариун эхлэл, сэрэл мэдрэмжүүд тархи толгойг “саармагжуулдаг”, эхлэл хаанаас болохыг эрж хайхад хүргэдэг. Үнэ цэнэ нь ердөө энэ юм. Тэр л эртний домгуудтай адил АМЬТАД бидний эхлэлийг байнга сануулж, эрж хайхад хүргэж байдаг. Маш товчхондоо “АМЬТАД БИДНИЙ ЭХЛЭЛЭЭ ОЛЖ ХАРАХ ДҮР” юм. Тэр тусмаа САРМАГЧИН. Энэ яахав, наргиа.

ХОЁР. Тэгвэл домгоос ч өмнө, магадгүй БУРХАДААС ч өмнө хүмүүсийн дэргэд ТЭД л байжээ. Тэд гэдэг маань өнөөх л АМЬТАД. Баталгаа нь дэлхийд газар бүхэнд шахуу байна. Тэр нь эртний хүмүүсийн бидэнд үлдээсэн ХАДНЫ СҮГ ЗУРАГ. Гобустаны ч юм уу, Болгарын Магурын агуйн хананд зурсан эртний сүг зураг, манай Хойд цэнхэрийн агуй, Тэвшийн ууланд байгаа сүг зургуудаас бид өөрсдөөсөө ч илүү тэднийг уран нарийн дүрсэлсэнийг олж харж болно. Сүрлэг арслан заанаас авахуулаад адгийн муу матар/сүүлд Гена гээд сайхан зантай матар байсныг эс тооцвол/ эрээн тахь, ирвэс, зэвхий саарал, зээр гөрөөс гээд бараг бүгдийг хачин уран зурсан байна. Яах гэж тэр вэ?

ГУРАВ. БИД энэ олон зуун мянган жилийн туршид ТЭДЭНТЭЙ өрсөлдөж байж л АМЬДРАЛЫН тавцан дээр гарч ирсэн юм. Яах гэж тэр вэ? хэмээх асуултын хариулт нь ердөө энэ. Тиймээс өрсөлдөгчдөө л өвөг дээдэс минь зурсаар байжээ. Пабло Пикассо, Испаны Альтемерийн агуйд орж үзээд “ бүх урлаг доод түвшинд очлоо” гэж хэлсэн гэдэг. Тэр ухаантай хүн “ЭХЛЭЛ”-ийг олж харсан хэрэг. Бүх зүйлийн ЭХЛЭЛ харгис харагдах ч хачирхмаар шударга, ойлгомжгүй мэт санагдах ч үнэмшмээргүй энгийн харилцаанаас үүсчээ. Тийм харилцаа одоо хаана байна вэ? Нэг үгээр ЭХЛЭЛ хаана байна вэ? Бидний амьдралд, нийгэмд бол ул мөр төдий. Зөвхөн АМЬТДЫН АМЬДРАЛД Л ТИЙМ ХАТУУ ХАРГИС МЭТ БОДОГДОХ Ч ШУДАРГА, ОЙЛГОМЖГҮЙ МЭТ САНАГДАХ Ч ҮНЭМШМЭЭРГҮЙ ЭНГИЙН ОЙЛГОМЖТОЙ ХАРИЛЦАА ОРШИЖ БАЙНА. БУРХДЫН өнгө будагны яруу найрсал ч зөвхөн тэдний биед шингэжээ. Бид бол зүгээр л хар, шар, цагаан нүцгэн шалдан арьснууд. Хүн энэ бүхнийг харьцуулаад бодохоороо заримдаа ГОО САЙХНААСАА ичих шиг болдог биз.

ДӨРӨВ. Цаг хугацааны хувьд бас эрт үед хамаарах АМАН ЗОХИОЛД жинхэнээсээ тэдний ДҮР орж ирсэн биз. Нисдэг, нисдэггүй бор морь, муу чоно, цэцэг туулай гээд тэдний ДҮР ёстой гол баатрууд. Дорно дахинд луу гэхэд л хэнтэй ч харьцуулах аргагүй сүр хүчний БИЛИГДЭЛ байдаг. Эндээс л уран зохиол ба амьтад гэдэг дүр ба илэрхийлэл гарч ирсэн ажээ. Тэгээд л амьтад бидний бүтээсэн уран зохиол хэмээх урлагийн амьд, хамгийн зөрчилтэй ДҮР болжээ.

ТАВ. С.Томпсоны “Чин зоригт адгуусан амьтдын үлгэр” гэдэг номыг чин үнэнийг хэлэхэд яагаад хүн бүхэн унших дуртай байдаг вэ? Учир нь бид ТЭДНЭЭС ямар их алсарч холдсоныг сануулдаг, эсвэл мэдрүүлдэг, үгүй бол нээж өгдөг. Ричард Киплингийн “Ширэнгийн ном” ч ялгаагүй. Маугли хүү хүн биш амьтан болсон нь л хүмүүсийн сонирхлыг татаад байгаа биз. Манайд ч Эрхий мэргэн эргээд тарвага болсон нь сонирхолтой. Ийм хувирлууд уран зохиолд цөөнгүй бий. Ийм эрэлхийлэл ч бас бий. Зарим зохиолчид амьтдын ертөнцийн нууцлаг явдлуудаар уншигчдыг эзэмдсэн байдаг. Г.Аким абугайн “Тэнгэрийн нохой”, Ж.Мягмарсүрэн” Унагаа зуусан хулан” гээд энэ цагт ч бас манай монгол хэлт уран зохиолын түүхэнд тийм зохиолууд цөөнгүй хэвлэгдсэн билээ.

ЗУРГАА. Тэгвэл залуу зохиолч Б.Энхмартын “Амьтдын тэмдэглэлүүд” ном бас нэг шинэ “давхцалыг” бидэнд авчирч байна. Дэргэд атлаа биднээс дэндүү холдсон амьтдын тухай богино өгүүлэл, тэмдэглэл, өгүүллэгийн ном хэвлэгдэж байна. Зурвас тодорхойлвол ТАНИН МЭДЭХҮЙН ЭСЭЭ хэлбэрийн ном. Бичлэгийн аяс нь сэтгүүлзүй давамгаалжээ. Зарим тэмдэглэлээс энэ бүхэн нь тодорхой мэдэгдэнэ.

Суусарын төрөлд багтдаг нохой зээхийг латинаар “Gulo gulo” хэмээн нэрийднэ. Энэ нь идэмхий гэсэн утгатай үг. Түүний нүд эргэлдсэн улаан өнгөтэй, шүд нь хурц учраас ямар ч том амьтны ясыг түвэггүй зажилна. Хумс нь их хурц, ямар ч зүйлийг тасар татах чадвартай ажээ. Тиймээс анчид ч жийрхдэг. Ихэвчлэн тайгаар нутагладаг энэ амьтан Сибирьт их тохиолдоно. Нохой зээхийг дорготой андуурах тохиолдол бий”/Б.Энхмарт “Амьтдын тэмдэглэлүүд” 2015/ гэсэн өгүүлбэрээр “Тайгын мангас” нэртэй бичвэр эхэлж байна. Эхний өгүүлбэрээс л тайлбар эсээний найруулгын аяс ч анзаарагдаж байна. Бүх тэмдэглэлүүд нь тухайн амьтныхаа гаднах дүрслэлээс зугуухан өвөрмөц “АМЬДРАЛ” руу нь шилжих хэлбэрээр бичигдсэн. Товч, энгийн мэдээлийн болоод танин мэдэхүйн мэдлэгийн багтаамжтай болжээ.
ДОЛОО. ХХ зуунд сэтгүүлзүйд ер нь юу юу ч болов. Гадарлаж байгаагаар бичлэгийн төрлүүд л улам нягтрав. Олонх нь үгүй болж тодорхой хэдэн төрөл улам томорсоор байна. Өнөөдөр ЭСЭЭНЭЭС өөр бичлэгийн төрөлгүй шахам болтлоо сэтгүүлзүйд нэг “нөхөр” данхайжээ. Ийм үед хэдий ЭСЭЭ бичлэг гэж үзэж болох Б.Энхмартын” тэмдэглэлүүдэд” алс хэтэд шийдэх гурван асуудал байна.

НАЙМ. НЭГ. Бичлэгийн ийм даацтай хэлбэрийг сонгож авсан бол ЗОХИОЛЧ / СЭТГҮҮЛЧ/ төдий бус БАЙГАЛЬ ХИЙГЭЭД АМЬТАН СУДЛААЧ байх шаардлагатай болно. Зүгээр амьтдын тухай нууцлаг мэдээллийг бөөгнүүлээд найруулаад, бичээд “тавигч” биш шинжээч, сурвалжлан илрүүлэгч, өмгөөлөн хамгаалагч байх ёстой болдог ХУУЛЬ байна.

ХОЁР. Тэр хууль зүрх сэтгэлд хэрэгжих цагт экологийн уран зохиолын жинхэнэ “даацтай” эсээ тэмдэглэлүүд бичигддэг ЗҮЙ ТОГТОЛ байна.

ГУРАВ. Тэр зүй тогтол ёсоор Баатарын Энхмартын өөрийн өвөрмөц бичлэгүүд, дахин давтагдашгүй “текстүүд” энэ мета орон зайд төдийгүй үзэл сонирхолын хавтгай оронзайд ч танигдах болно.

ЁС. Ер нь эхлэл ямар байхаас үр дүн тийм байх нь түгээмэл. Бурхадаас ч өмнө бидний дэргэд байсан БУРХДЫН тухай бичиж эхэлсэн чинь зөв болжээ.

Унших гэж эргүүлж тойруулж ядсан номын минь урагдсан хуудсыг атгачихсан алхах охин маань шувууны оронд өнөөх хомоолыг ямбийтал нь гишгэж, хэдэн тийш хэсэг харснаа гэрийн үүд рүү зүглэв бололтой. Адуунаас ирэх ааваас асуувал “Зурам унадаг чогчиго л биз” гээд нэг их тоосонгүй. “Шувуу яагаад зурам унадаг билээ, шувуунд яагаад зурам унуулдаг билээ” гээд л ааваас асуух юм мундсангүй. Аав “Айлуудаас алсхан очоод хар, хаа сайгүй л сууж байгаа” гэхээс өөр юм хэлсэнгүй. Чогчиго биедээ байхааргүй сайхан хоолойгоор жиргэнэ./ Б.Энхмарт “Амьтдын тэмдэглэлүүд” 2015/ хэмээсэн нэг л танил СЭТГЭЛ бүхий тэмдэглэлүүд дотор чинь амилаад ирвэл хичнээн сайхан байх билээ. Сэтгэл гэдэг үйлээс л шалтгаалдаг. Сэтгэл сайхан бол үйл сайхан.

АРАВ. Тийм сайхан үйлийн учир л ОЛОН ЗОВЛОНГ ЖАРГАЛД ТООЦСОН НЬ ЗОХИОЛЧ БОЛДГИЙГ САНУУЛАВ.

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ

2015-11-05

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна