Хүчирхийллээс хүчирхийлэгч төрдөг

2015 оны 11 сарын 9

Гэнэн балчирхан үрс золгүй явдал бус зориуд санаатай үйлдсэн гэмт хэргийн золиос болсоор л. Архичин эцэгтээ зодуулж, заазуурдуулчхаад, дүүгээ тэврэн зогсохдоо дусал ч нулимс унагахгүй «Би том болоод бөх болно» гээд зогсч байсан Идрээ хүү дөрөвхөн настай. Бяцхан охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт харгис хэрцгийгээр зодуулан амиа алдсан аймшигт хэрэг шил шилээ даран гарч байна.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь ихэнхдээ нуугдмал, хаалттай хаалганы цаана үйлдэгдэж, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд үүнээс ангижрах чадваргүй, хаана хэнд хандаж тусламж гуйхаа мэддэггүй тохиолдол элбэг. Дээрх жишээ шиг харгис хэрцгийгээр зодож дарамтлахгүй юм аа гэхэд хүүхдээ хүмүүжүүлж байгаа нь энэ гээд загнаж зандрах, өөрсдийнхөө хүслийг тулгах үйлдэл чинь хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг санах хэрэгтэй.

Хүүхдийн төлөө үндэсний газраас явуулсан судалгаанд оролцсон нийт эцэг эхчүүдийн 37% нь эерэг хандлагатай хүмүүжлийн аргыг хэрэглэж байгаа бол 38% нь бие махбодийн дарамтын хэлбэртэй хүмүүжлийн арга, 25% нь сэтгэл зүйн дарамтын хэлбэртэй хүмүүжлийн аргыг ашигладаг байна. Үүнээс үзэхэд эцэг, эхчүүдийн 60 гаруй хувь нь дарамт үзүүлэх хэлбэрээр хүүхдээ хүмүүжүүлж байна. Монголчуудын энэ аргыг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос тодорхойлохдоо “Хүүхдийг зодож шийтгэх явдал Монголын нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хэвээр байна. Энэ үйлдэл гэр бүл, сургууль, цэцэрлэгийн орчинд гарч байгаа явдалд сэтгэл зовниж байна. Цаашлаад Монгол Улсын хууль тогтоомжоор гэр бүлийн хүрээнд хүүхдийг зодож шийтгэхийг хориглох талаар заалт оруулах шаардлагатай” гэжээ. Харамсалтай нь энэ хуулийг санаачлахгүй байгаагаас үүдэж өнөөдрийг хүртэл нийгэмд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамт, бэлгийн мөлжлөг буурахгүй байсаар л байна.

Гэр бүлийн хүчирхийллээс гадна асрамжийн газар, халамжийн төвүүдэд амьдардаг хүүхдүүдийн дунд хүчирхийлэлд өртөх тохиолдол багагүй гардаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад эцэг эх, асран хамгаалагчгүй тэнэмэл байдлаар амьдарч байсан 1000 гаруй хүүхдийг асран хамгаалах 36 газар өсгөж байна. Эдгээр хүүхдүүдийн дунд хүчирхийлэл дарамтаас болж тэнэмэл амьдралд орсон олон хүүхэд бий. Тэдний эрх ашгийг хамгаалах, нийгэмд алдаж гишгүүлэхгүй байх үүднээс анхаарал хандуулж, олон талаас нь дэмжиж туслах шаардлагатай. Иймээс хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлж, хууль эрх зүйн орчинг сайжруулаад зогсохгүй хүүхэд хамгааллын үйл ажиллагаа явуулдаг байгууллагын чиг үүрэг, эрх мэдлийг өөрчлөн шинэчлэх цаг иржээ.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна