Бурхан өршөөг

2015 оны 11 сарын 9

Кино ба амьдрал

Сонгуулийн чимээ ойртоод, сонгогчдын чих хатуурч, сонгогдогсдын чихний бөглөө мултарч, нүүрэндээ инээмсэглэл тодруулчихсан байсан үе. А.П.Чеховын “Түшмэлийн үхэл” киноноос сэдэвлэн бүтээсэн “Бурхан өршөөг” эмгэнэлт инээдмийн кино нээгдсэн даруйдаа “Өргөө” кино театрт гарах эрхээ хасуулав. Шалтгаан нь яруу алдарт намын гишүүд өөрсдийнхөө төдийгүй цүнхээ бариулдаг туслахуудынхаа бодит тусгалыг тэрхүү бүтээлээс харж, өмнөх үеийн сурсан зангаараа үзэл сурталд нийцээгүй шалтгаанаар цогтой гишүүн Ц.Анандбазарынхаа өмчөөр түүнийг гаргуулахгүй гэсэн хэрэг. Ингээд улс төрийн захиалгатай бүтээлийг тас хориглов.

Тухайн үеийн залуусын байр байдал, нийгмийн ялзарсан, үхээнц сэтгэхүйг бүтээлээрээ дамжуулан хэлэх гэсэн хөөрхий найруулагчийн Тамирын голыг долоох шахан байж хийсэн кино нь ингээд зарлагаа ч олж чадахгүй “захиалгат” хардлагаар хаагдав. Тухайн үеийн АН-ын генсек “Манай нам ийм киног захиалаагүй. Бидэнд хамаагүй” гэсэн бичиг илгээгээд ч тусыг эс олов. Үүнээс өмнө нийтлэлч Баабарын “Нянгар хаданд гарсан нь” кино ч бас ийм тавилан туулсан билээ.

В.И.Лениний хэлсэнчлэн “Бүх урлагийн дотроос кино урлаг хамгийн агуу юм” гэдгийг яс махандаа шингээсэн хүмүүс түүгээр яаж тархи угаахыг ядах юмгүй мэдэх улс. Харин мартагдсан ой санамж дээрх хоёр бүтээлийн ачаар сэргээж өнөөгийн генсек “Долоон бурхан харвадаггүй” кинондоо хоёргүй сэтгэлээр орсон гэдэг. Ингээд сонгуулийн өмнө өнгө, мөнгөөр зодсон өнөөх л социализмийн үеийн тархи угаалтаа хийснээр сая санаа амарсан.

Энэ бүхнийг улиглан хадуурсан шалтгаан нь өнөөгийн улстөрчдөд ёс зүй хийгээд ичих булчирхай, үнэт зүйлс агаад мөн чанар, үзэл бодол болоод хүн чанар гэж үгүй болж. Кино хийхийн зэрэгцээ, өөрсдөө яг л кино шиг амьдраад эхэлж. Өөрсдийгөө “пиарчдаар” хүрээлүүлж, телевиз, радио, сонин, твийттер, фэйсбүүк гээд олон нийтэд хүргэж болох бүх сувгаар өрсөлдөгчдөө харлуулж, өөрийгөө дөвийлгөн тархи угааж байна, тэд.

Уг нь УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гэж байдаг бол энэ бүх солиорол, жүжиглэлтийг таслан зогсоох байлаа. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гээчийг аль 2007 оноос хойш батлах гээд чадалгүй хойшлуулсаар ирсэн нь ч учиртай. Худлаа үнэн ёс зүйн дүрэмтэй болчихвол тэд дур зоргоороо авирладаг нь хүлээсэнд орж мэдэх учраас. Бөх барилдах гэж, морь уях гэж, бүжиг бүжиглэж, твийтэрт дур зоргоороо жиргэх гэж, олны анхаарлыг татахын тулд ямар ч дүр эсгэх шаардлага гарах учраас тэд өөрсдийгөө хүлээсэнд оруулахыг өнөөг хүртэл зөвшөөрөөгүй хэрэг.

УИХ-ын чуулган дээр бусдыг улайтал нь хэлдэг, хамгийн шударга, хатуу үгтэй гэгддэг гишүүн хоёр гүүр давдаг “хосгүй баян”-ы нутагт байр бэлгэнд авсан нь “Нүгэл буян”.

“Очиж очиж олны өмнө миний бөхийг унагаагаад байхдаа яадаг юм. Би энэ наадмыг үзэхгүй ээ” хэмээн Богдын хатан шиг аашлаад “Иргэд дээлгүй явж байхад давхар дээлээ тайлаач” хэмээн засгаа унагасан нэгэн шинэ засагт сайд болж суухыг харахад нүдээ итгэмгүй. Уг нь ийм юм үлгэрт л байдаг байх гэсэн үгүй юмаа. Улстөрчдөөс бол гардаг л зан байж. Яагаав чоно “Улаан малгайт”-ын эмээг залгичихаад, хувцасыг нь өмсөөд гэмгүй царайлаад сууж байдаг даа. Түүн лүгээ ахуй дүр ангид боловч, алан идэхийн хүсэл нь агаар нэгэн буй. Өнөөгийн улстөрчдийн нийтлэг дүр бол “Ховдгийн гай”. Бас “Боолын гэрээ”-тэй “Бодлын хулгайч” нар ч олширсон цөвүүн цаг. Тэд эрх мэдэл албан тушаалын төлөө хэнийг ч Түгжилдэж мэднэ. Бас ганзага нийлвэл чөтгөртэй ч “Зуслангийн найзууд” болж чадна. Өнөөгийн улстөрчдийн дунд Цахиур Төмөр, хангай Базар гээд сайн эрсийг санагдуулам сайхан гарууд ч бий. Одооны хуулиар бол буруу гарын нөхөд л дөө. Гэхдээ тэдэнд олсноо ядарсан олонд тараах сэтгэл үгүй. Ердөө тийм нэг хуйхтай эрийн дүр эсгэгчид. Жүжиглэлт бол тэдний амьдрах гол арга.

Нар хиртсэн жил, тууврын замд, хүний сайхан сэтгэлээр тэднийг сонгосон маань буруу эргэлт байж тус биш ус гэгчээр нохойн орон шиг болгов тэд. Харин одоо зэрэг нэмэхийн өмнө дахиад ацаг шүдний зөрүү гаргахгүй, хонины найрыг зогсоох юм шүү хэмээн түмний нэг сэрэлт хийж, мөнх тэнгэрийн дор залбирч суугааг бурхан өршөөг.

Хариуцлага ба оймс

Өнөөгийн УИХ байгуулагдсан буюу 2012 оноос хойш УИХ-ын гишүүдийн хамгийн их хэлсэн гэмээр үг нь хариуцлага. Энэ хугацаанд УИХ-ын ээлжит найман чуулганыг өнгөрөөсөн бөгөөд найман удаа сайд, Ерөнхий сайдыг огцруулж, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн.

Одоо ч Засгийн газрыг огцруулах, барьцаалах асуудал ид хүчтэй өрнөж байна. Тэдний яриад байгаа хариуцлага нь ердөө өөрсдийн ашиг сонирхол, бүр нэгхэн хүнийг Өршөөлд хамруулаагүйгээс болоод засгийг түлхэн унагаах хэмжээнд очно. Хариуцлага нь тэр. Энд илүү оймс илээсэн, Ц.Нямдоржийнх нь хэлснээр оймсонд зүүгдсэн нь ялгаагүй. “Хариуцлага тооцно оо” л гэсэн нөхдүүд чуулганы танхимаар дүүрэн. Тэгсэн хэрнээ жинхэнэ хариуцлагын асуудал ярихаар таг. Бүр хаалттай хуралдаж байгаад хариуцлага алдсан, албан тушаалаа ашигласан, авлигын хэргийг өршөөлд хамруулах хуйвалдаан хийгээд амжсан. Өнөөдөр УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд шийдэж, хэлэлцэх ёсны хууль, асуудал нь зуун задгай, жаран хагархай. Талдаа ч хүрээгүй. Ийм л цаг дор тэд “хариуцлага” гэж хамгаас тод, давтамжтай хэлцгээж байна. Оймсны асуудлаас болоод одоо ч засагтай хариуцлага тооцож тун магадгүй л байна.

Тангараг нь тонгорог

УИХ-ын гишүүн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөдөг.

Шүүх засаглалынхан “Шүүгч би аливаа хэрэг, маргааныг зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ, шударга ёсыг чанд сахиж явахаа батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэдэг бол төрийн албан хаагч “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" гэж тангарагладаг.

Ялгаатай нь сүүлд дурдсан хоёр нь “тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн бол хууль тогтоох дээд байгууллагын нөхдүүд улсынхаа ашиг сонирхлыг хувиасаа доогуурт тавьбал яах ч үгүй. Хамгийн их хариуцлага ярьдаг хүмүүс өөрсдөө хариуцлага огтоос үүрдэггүй ээ гэсэн үг.

Тэдэнд хариуцлага хүлээлгэж болох ганц тохиолдол нь гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдол. Ингэхдээ бас болоогүй Улсын Их Хурлын даргад 3 цагийн дотор нэн даруй мэдэгдэх ёстой. Ингэж хариуцлага хүлээлгэх боломж ч хомс. Учир нь гэмт хэрэг үйлдчихээд хууль хяналтынханг хүлээгээд газар дээрээ зогсч байдаг ямар мангуу байх вэ дээ. Байлаа ч түүний халдашгүй дархан эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ шийдэх ёстой. Бусадтай хариуцлага тооцож, дуудаж авчирч ирээд донгодож, хулгайч, алуурчнаар нь хүртэл дууддаг /Чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө УИХ-ын гишүүн хариуцлага хүлээдэггүй/ нөхдүүд өөрсдөө ямар ч ял шийтгэлгүй өнгөрнө. Янзтай биз. Гадныхан ч тийм байдаг гэх байх л даа. Гэхдээ тэр гадаад чинь ёс зүй гэж манайханд байхгүй бас нэг “эрхтэн” байна шүү.

Авлигын хэргээр шалгагдаж байгаа албан тушаалтнуудыг хэн өмөөрч, АТГ, цагдаа, шүүх рүү дайраад байна вэ?! Яагаад шүүх хурал нь болоогүй байхад сандарч гүйлдээд байгаа юм бол. Тангараг өргөсөн хүмүүс мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд нөлөөлөх гэж байгаа юм шиг яваад буйг тонгорог гэхгүй өөр юу гэх вэ, таминь ээ. УИХ ёс зүйн дүрэмгүй, хариуцлагагүй байгаад харамсал илэрхийлэгч нийслэл хүү Л.Нарантөгс...

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна