Р.Раш: Амаараа шороо үмхэхтэй л адил

2015 оны 11 сарын 9

Монголын төмөр замын хөгжил хаах нь явна. Энэ салбараас олох орлого багассан уу? Цаашид төмөр замын салбарт баримтлах бодлогыг ямар чиглэлд анхаарвал зохистой вэ зэрэг төмөр замын салбартай холбоотой асуудлаар Монгол, Оросын хамтарсан хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан Р.Раштай ярилцлаа.


-Монголын төмөр замын бодлого хөгжил өнөөдөр хэр байна. Хөгжлийн зөв замаар явж чадах нь уу?

-Монголын төмөр зам хөгжил руу тэмүүлж явна гэж би хардаг. Тийм байхаас ч өөр аргагүй. Төмөр зам бол Монгол Улсын эдийн засгийн чухал өндөрлөгүүдийг холбогч. Нөгөө талаар эдийн засгийн орц гарцыг бодит байдал дээр хэрэгжүүлэгч зангилаа салбарын нэг юм. 2010 онд төмөр замын төрөөс баримтлах бодлого гарсан. Аливаа зүйл цаг хугацаагаа дагаж шинэ зүйл бий болдог. Гэхдээ өнөөдрийн явж, баримталж буй бодлого 2010 оны бодлогодоо захирагдаж явна.

-Одоо Монгол-Оросын хамтарсан төмөр зам хийх ёстой ажлаа хийж олох ёстой орлогоо олж чадаж байна уу?

-УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг бол Монгол, Оросын бүх талын харьцааны суурь үндэс, эдийн засаг талаасаа болж байсан. Одоо ч тэр үүргээ сайн биелүүлж байна. УБТЗ өөрийгөө хөгжүүлэх дотоод эдийн засгийн ажил түүнчлэн транзит ажил дээр илүү анхаарч ажиллаж буй. Зарим хүмүүс ярихдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төмөр зам, зарим сэтгүүлчид Оросын Ерөнхийлөгч В.Путины зам гэсэн байсан. Энэ бол төмөр замаа хамтарч хөгжүүлнэ гэсэн л үг. Хятад улс торгоны зам гээд дэвшүүллээ. Орос орон бол ази европыг холбосон маш том дэд бүтэц бий болгох дээр анхаарч байна. Ийм үед бүс нутгийн хэмжээнд төмөр замаа маш сайн холбож өгөх чухал, бас хэрэгтэй. Энэ транзит ачааны урсгалыг нэмэгдүүлэх дэлхийн бодлого бол аль болох олон орнуудыг хамрах юм. Нөгөө талаар дэлхийн цаад нийгэмлэгийн бодлого гэж байна. Ядуу буурай орнуудаар дамжуулах төмөр замаа явуулах нь жижиг улс орноо хөгжүүлэх зорилготой.

-Баруун талаараа бол дундад азийн орнуудыг дамжин өнгөрүүлэх гээд байна. Монголд ямар нөлөөтэй вэ?

-Нэг талаас тээвэрт сөргөөр нөлөөлөх нь ч бий. Хил гаалийн асуудал их байдаг. Ачаа түргэн явуулах олон орны хил дамжуулах хэцүү л дээ. Нөгөө талаараа төмөр замаараа дамжуулан тухайн улсыг хөгжүүлэх гэсэн бодлого юм. Тэр утгаараа манай орныг дамжиж олон улсын транзит тээвэр явах нь дэлхийн бодлоготой нийцэж байна. Энэ утгаараа ачаа тээвэрлэлт хурдтай явахыг шаардаж байна. Жишээ нь, Хятадаас гарсан транзитаар явсан ачаа долоо найм хонодог. Манайхаас гарсан ачаа жаахан саатдаг, уддаг байж мэднэ. Гэхдээ чанартай хямд байх хэрэгтэй. Ашиг олох гээд өндөр үнэ тогтоох нь ачааг үргээдэг. Тиймээс уян хатан бодлого барих хэрэгтэй.

-Саяхан Япон улсын Ерөнхий сайд Сайншанд хүртэлх 437 км төмөр зам барих ТЭЗҮ ирэх арванхоёрдугаар сардаа багтаад гаргая гэсэн. Та үүнийг яаж харж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар одоогийн төмөр замын бодлогоо түшиглээд хөгжих боломжтой. Гэхдээ Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцэж тохиролцсон зүйл бий. Энэ нь төмөр замын бүтэц дээр хоёр тал адилаар анхаарч зарим хэсэг дээр нь хөрөнгийн баталгаа гаргах тохиролцоо бий. Түүнийгээ уялдуулаад л явах байх. Япон Монголын хувьд эртний түншлэлтэй. Манай улсыг хэцүү үед тусалсан. Замын-Үүдийн буцалтгүй тусламж, төмөр замыг сэргээж сайжруулах төсөлд тусалсан бидний хамтын ажиллагаанд их туршлага бий. Гэхдээ Орос оронтойгоо хийсэн тохиролцоогоо бас уялдуулан авч явах ёстой, хөшилдүүлж хэрхэвч болохгүй. Тавантолгой цааш явах төмөр зам төрийн бодлогод бий. Бүтээгдэхүүн борлуулах газар нь ойрхон, зардал чирэгдэл багатайгаар шийдэх чухал. Эхлээд асуудлаа сайн судалж байгаад, тэгээд ашигтай хувилбараа сонгоод ямар царигтай байхаа шийдээд УИХ-аар батлуулсан. Энэ нь эдийн засаг талаасаа хэрэгтэй. Хил дээр очоод нэг вагоноос буугаад нөгөө руу шилжүүлэх зардал гарахгүй гэсэн үг.

-Ингээд сонсоод байхад манай төмөр зам Орос улсад хамааралтай юм шиг харагдаад байх юм?

-Төмөр зам Оросоос хамааралтай гэж хэлэх нь бас хаашаа юм. Бидний хувьд хоёр их гүрний дунд байгаа орон шүү дээ. Том гүрнийхээ баримталж буй бодлогыг харж байх нь зөв. Тиймээс үүнийг аваачаад боочих нь гэсэн үг биш.

-Таныг энэ салбарыг удирдаж байх үеийн орлого өнөөдөр ажиллаж буйтай харьцуулаад харвал хэр нэмэгдсэн бэ?

-Одоо бол тээвэрлэж буй ачааны үзүүлэлт өнгөрсөн жилийн үзүүлэлтээр харахад хамаагүй нэмэгдсэн. 21 сая тонн ачаа тээсэн. Миний үед бол 15-16 тонн ачаа л тээвэрлэдэг байлаа. Тэр үеийн сайн юм нь Оросын люкс гээд одоогийн Орос нефть компанийн гурван сая тонн ачааг нутгаараа эргүүлж урсгаж байсан. Гурван жил орчим ажилласан. Сүүлдээ бол гадна, дотны нөлөө ороод больсон. Ёстой л амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэнтэй адил болсон. Ийм шийдвэр гаргаснаараа валютын орлогыг түлхсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн. Энэ нь ажлын хэмжээ нэмэх үндэс болсон. Өмнө нь урдаас хойш чиглэсэн транзит ачааны урсгал хоёр зуун мянган тонн байсан нь Братскийн хөнгөн цагаан үйлдвэрийн түүхий эдийг зүүн өмнөд азийн орнуудаас манайхан хөөцөлдөөд нөхцөлийг нь сайн бүрдүүлээд татаж чадсан байна. Сүүлийн үед Орос, Хятадын эдийн засгийн харьцаа сайжирснаар, зүүн өмнөдөөс Эрхүүгийн муж руу явах ачааны урсгал нэмэгдэж байна. Европ руу явах Хятадын чиглэлээс олон улсын том чингэлэг хоёр зуу гаран болсон. Яваандаа өсөх байх гэж би бодож байна. Өсөхөд бидний хувьд хил гаалийн асуудал болоод хурд, хүч, үнийг уян хатан байлгах хэрэгтэй.

-Манай тариф бусад орнуудын жишгээс бага уу, их үү?

-Бусад улстай харьцуулахад манай төмөр замын тээврийн үнийн тариф өндөр. Бид багасгахгүй бол өрсөлдөөнөөр ачаа татаж чадахгүй.

-Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлнэ гээд рейлбус оруулж ирсэн. Гэхдээ өнөөдөр бол зогссон. Энэ төмөр замын нийтийн тээврийг яг яавал дээр вэ?

-Өнгөрсөн жил би рейлбусанд суугаад Дархан хот орсон. Их аятай, тав тухтай санагдсан. Манай зорчигч тээвэр зай хол биш. Манай тээвэр ирээдүйд нэг ийм байх болов уу гэж бодсон. Тэр машиныг эхлээд ойрхон амгалан толгойтын хооронд явуулж байсан. Хол зайд ашиглана гэдэг зөв. Манайхан саяхан Улаанбаатар-Зүүнхараагийн хооронд явуулахаар тогтсон зөв шийдвэр. Аливаа тээвэрлэлт очих газар нь тогтмол, явах чиглэл ойлгомжтой, цаг нь тодорхой байх ёстой. Ингээд ирэхээр тэр төмөр замын бизнес үйлчилгээ болно. Манайх хараахан тогтож амжаагүй л байна. Харин Багануур-Улаанбаатар чиглэлд зорчих тээврээ зогсоосон. Иймээс энэ хооронд явуулбал зүгээр. Долоо хэмжиж нэг огтол гэсэн үг байдаг. Аливаа юмыг хийхдээ тооцоо судалгаа, зорилгоо тавиад, ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг маш сайн бодолцох хэрэгтэй. Тэрнээс зүгээр л шувуу нисэж буугаад байгаа юм шиг байж болохгүй.

-Л.Гансүх Зам тээврийн сайд байсан үед БНХАУ-аас 64 сая долларын өртөгтэй таван зүтгүүр оруулж ирсэн. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Би үүнд их харамсдаг. Манай депогийн хашаан дотор хэдэн шар өнгөтэй юмнууд зогсоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Энэ бол улсын зээлийн хөрөнгө. Үүнийг ашиглаж болохгүй зүйл биш. Энэ чинь өргөн царгийнх юм. Яг энэ үеэр хувь нийлүүлсэн УБТЗ чинь Засгийн газрын хөрөнгөөр нэлээн хэдэн зүтгүүртэй болсон. Энэ хоёр давхацсан. Мэдээж өөрсдийн юмаа ашиглалгүй л яах вэ. Ерөөгийн чиглэлд 22 км зам ашиглалтад оруулж байгаа гэх мэтчилэн шинэ шугам сүлжээ бий болж байна. Иймээс одоо энэ зүтгүүрүүдийг ашиглах хэрэгтэй, зогсоож болохгүй.

-Та өөрөө энэ зүтгүүрүүдийг оруулж ирэх гэрээнд гарын үсэг зурсан нөхдийн нэг бус уу?

-Би яалаа гэж гарын үсэг зурдаг юм. Гурван жилийн өмнөх асуудал. Би чинь төмөр замаас 2004 онд ажлаа өгсөн. Энэ зүтгүүр бол яах вэ амаараа шороо үмхэхтэй л адил болсон. Миний үед авсан зүтгүүр бол одоо сайн ажиллаж байгаа. Тухайн үед би тэр гурван зүтгүүрийг дээгүүр доогуургүй гүйж байгаад 15 тэрбум төгрөг улсын төсөвт суулгаж, авч байлаа.Одоо тэр зүтгүүрүүдийн нэг нь маш сайн ажиллаж байгаа. Хоёрыг яаж ажилласныг сайн мэдэхгүй байна. Харин тэр зогссон таван зүтгүүр надтай холбоогүй.

-Хятадаас 300 сая долларын зээл аваад жар гаран сая долларыг төмөр замд хуваарилсан байдаг. Хэний үед ийм шийдвэр гарсан юм бэ?

-Тийм. Тэнд зүтгүүр, зам засах техник, вагон ч орсон байдаг юм. Хэрэгтэй хамгийн доголдож байсан зүйлүүддээ авч чадсан. Яагаад тэр өндөр үнэ зарцуулж авсан зүтгүүрүүд явахгүй байна вэ гэвэл МТЗ, УБТЗ хоёр нэг нэгэндээ ихэрхсэн байдлаар хандаад байгаа юм. Ингэж уг нь болохгүй. Би ч Оросын талд болохгүй буруу асуудал гэж хэлж байсан. Харилцан буулт хийж хамтран ажиллах чухал. Бид төрийн өмчит компани гээд дээшээ хараад, тэнгэр ширтээд байх хэрэггүй.

-Хэрэв таван зүтгүүр өнгөрсөн хугацаанд ажилласан бол хэдэн төгрөгийн ашигтай ажиллаж байх байсан бол. Тийм тооцоолол танд байна уу?

-Ерөнхий тооцоолол байлгүй яах вэ. Хэрэв ажилласан бол их ажил хийх байсан гэж би бодож байна. Нэг тонн километрийн орлого 25 төгрөг гээд л бод.

-Тухайн үед хоёр талаас хоёр зүтгүүр оруулж ирсэн байсан гэж байна. Энд бодлогын алдаа гарсан уу?

-Тухайн үед аль аль талын асуудлууд хурдан шийдэгдээд л ороод ирсэн юм. УБТЗ нэгэн үе Монгол Улсын хөгжлийг чирч явсан. Одоо бол хойноос нь чангааж байна гэсэн утгаар хэлж байсан. Оросын тал ч соргогоор хүлээж авсан. Тэгээд 2009 онд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөрөнгийг 125 сая доллар, 125 сая доллараар хувь нэмж нийлүүлсэн. Оросын 125 сая доллар маш хурдан орсон. Харин Mонголын төмөр замын хөрөнгө оруулалтаас одоо 70 сая доллар дансанд байгаа. 55 сая доллараар бол шаардлагатай хэрэгтэй зүйлсийг авсан. Ачаа бараа их байвал мэдээж ашиглана л даа. Одоохондоо өөрсдийнх нь хэд яваад болоод байна.

-Ярилцсанд баярлалаа.

Д.УЛАМБАЯР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна