Монголчуудын үндэсний хуримтлалын 62 хувь нь хэдхэн хүнийх байна

2015 оны 11 сарын 9

Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсын үндэсний хуримтлалын хэмжээ 28 хувьтай байна. Энэ бол дэндүү чамлалттай тоо. Гэтэл Катарт энэ үзүүлэлт 62, Кувейтэд 56, Хятадад 50 хувьтай байна. Олон улсын валютын сангийн тооцоогоор  Катарын иргэд өнгөрсөн жил 200 тэрбум, Кувейт улсын айл өрхүүд 186 тэрбум, Хятадын хүн ам 8.9 их наяд ам.доллар хадгалж чаджээ. Энэ нь Катарын иргэд улсынхаа ДНБ-ий 59, кувейтчүүд 55, хятадууд 51 хувьтай тэнцэх “ногоон” хуримтлуулсан гэсэн үг. Лут байгаа биз.

Тэгвэл монголчуудын олонх нь ямар ч хуримтлалгүй. Хуримтлалтай хүмүүсийн дийлэнх нь зөвхөн хүүхдийн хадгаламж нээлгээд, сар бүх хүүхдүүдэд төрөөс өгдөг 20 мянган төгрөгийг нь цуглуулдаг. Банкинд хадгаламжтай монголчуудын 83 хувийнх нь дансан дахь мөнгө нэг сая төгрөг ч хүрэхгүй. Ийм олон хүний хуримтлуулж байгаа мөнгө банкууд дахь хадгаламжийн ердөө наймхан хувийг эзэлдэг гээд бод доо. Хүүхдийн мөнгөнөөс өөр ямар ч хуримтлал байхгүй, сар бүр дансанд нь шууд ордог 20 мянган төгрөг дээр өөр мөнгө нэмж хийдэггүй учраас арга ч үгүй биз. Гэтэл хадгаламжтай хүмүүсийн ердөө ганцхан хувь нь 50 саяас дээш төгрөгийн хадгаламжтай, Монголын үндэсний хуримтлалын 62 хувийг хэдхэн хүн эзэмшиж байгааг Монголбанкны судалгаа харуулав. Энэ юу гэсэн үг вэ. Тэдэнд мөнгө байгаа учраас түүнийгээ банкинд хийчихээд хүүгээр нь амьдарч байж болох юм. Гэхдээ эдийн засагчид үүнд “Тэр хүмүүс мөнгө хадгалж сурсан учраас банкиндаа хуримтлалтай байгаа юм” гэж хариулж байна. Бодох л ёстой зүйл.

Манай улс 820 мянгаад өрхтэй. Тэдний 760 мянга нь хуримтлалгүй. Ядаж л гурван өрх тутмын нэг нь яг өнөөдрөөс эхлэн, сар бүр 50 мянган төгрөг хуримтлуулж зуршвал 10 жилийн дараа 13 сая төгрөгтэй, Монгол орон 3.3 их наяд төгрөгийн үндэсний хуримтлалтай болно гэж Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, “Голомт” банкны дэд захирал Д.Сугар нарыг “Үндэсний хуримтлалын хөтөлбөр” хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үеэр мэдээлж байв. Ингэж чадвал эдийн засгийн хямралд өртөхгүй, айдгаа авдартаа хийнэ гэсэн үг. Энэ санамж бичгийн хүрээнд “Голомт” банк иргэдэд хуримтлалтай болоход нь туслах үүднээс сар бүр тогтмол хуримтлал үүсгэж чадах юм бол жилийн эцэст хуримтлалынх нь  20 хувьтай тэнцэх  урамшуулал олгохоор болжээ.

Монголчуудын 99 хувь нь “Би цалин багатай учраас хадгалах мөнгө илүү гарахгүй”, “Дараа ахиухан мөнгөтэй болохоороо нэгмөсөн хадгалъя” гэж өөрийгөө тайвшруулсаар нэг мэдэхэд хурааж хуримтлуулсан юу ч үгүй, хоосон явж байдаг аж. Тэр үед нас нь хэдийнэ явчихсан байдаг. Эргээд харахад мөнгө хуримтлуулах боломж үргэлж байсан байдаг. Тэгээд амаа барьдаг. “Гэхдээ толгойгоо шаах хэрэггүй, та тэтгэврийнх байсан ч түүнээсээ хадгаламжинд хий” гэж эдийн засагчид зөвлөж байна. Учир нь настай хүмүүс ч гэсэн япон, солонгос, америк, герман хөгшчүүл шиг дэлхийгээр аялахыг хүсдэг. Тиймээс яг одооноос мөрөөдлөө биелүүл. Хаашаа аялахаа шийд, аяллын төлбөр хэдэн төгрөг болохыг жуулчны компаниас асуу. Тэгээд тэтгэврийнхээ мөнгөнөөс тодорхой хэсгийг нь сар бүр хуримтлуул. Та зургаан сар, нэг жил, хоёр жилийн дараа зорьсон газар луугаа аялж л таарна.

Б.БАЙГАЛ

ЭХ СУРВАЛЖ: ӨНӨӨДӨР СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна