Үндсэн хуулийг өөрчлөхийг 47 гишүүн дэмжжээ

2015 оны 11 сарын 9

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан билээ. Түүхээс харвал 1992 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайдаар 13 хүн, үүрэг гүйцэтгэгчээр гурван хүн ажиллаж байжээ. Мөн Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар 21 удаа хэлэлцэж байсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай, Н.Энхбаяраас өөрөөр дөрвөн жилийнхээ бүрэн эрхийг гүйцээж ажилласан Ерөнхий сайд байхгүй аж.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ардчилсан нам, Монгол ардын нам, ИЗНН, “Шударга ёс” эсвэл, бие даагчид гээд нийтдээ 47 гишүүн дэмжиж гарын үсэг зуржээ. Тодруулбал, УИХ-д суудалтай бүх нам эвсэл, мөн гишүүдийн 61.8 хувь нь Үндсэн хуулийг өөрчлөлтийг дэмжихээ илэрхийлж, гарын үсэг зураад байгаа гэнэ. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор энэ сарын 26 буюу анхны Үндсэн хууль батлагдсан түүхт өдрөөр эцэг хуулийг өөрчлөх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг мөн УИХ-д өргөн бариад байна. Энэхүү тогтоолын төслийг мөн 47 гишүүн дэмжиж гарын үсэг зуржээ. Хэрэв ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж, УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дэмжигдэх юм бол энэ УИХ хугацаанаасаа өмнө тарж магадгүй байна. Энэ тохиолдолд УИХ-ын сонгууль хугацаанаасаа өмнө болно гэсэн үг юм.

Ж.ЭРХЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна