Х.Болорчулуун: Халх голын тогтоолыг цуцлах ёстой

2015 оны 11 сарын 9

УИХ дахь бие даагчдын зөвлөл энэ долоо хоногийн ажиллах чиглэлээ мэдээллээ. Мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар хийсэн юм.

Тэд энэ долоо хоногт хэлэлцэгдэх Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай баримт бичиг, Хүнс хөдөө аж ахуйн баримтлах бодлогыг дэмжиж байгаа бол Үндсэн хуульд өөрчлөлт хийхийг дэмжихгүй гэж мэдэгдлээ. Түүнчлэн Мөнгөний бодлогыг дэмжихгүй байгаа аж. Учир нь валютын ханшийг эрэлт, нийлүүлэлтээс шалтгаална гээд тодорхойгүй орхиж байна. Импортын хэрэглээ ихтэй манайх шиг улс валютын ханшийг хэдэн төгрөгөөр барихыг тодорхой болгох ёстой гэлээ. Харин Хятадаас авах нэг тэрбум ам.долларын зээл авч 820 сая доллараар Эгийн голын цахилгаан станц барих гэж байгааг дэмжиж байгаа аж. Эгийн голын цахилгаан станц ашиглалтад орсноор манай улс ОХУ-аас цахилгааны хараат байхаа болих боловч олон жил яригдаж байгаа тус цахилгаан станцыг өндөр үнээр барих гэж байна хэмээн бие даагчдын зөвлөл үзэж байгаа аж. Өмнө нь Эгийн голын цахилгаан станцын техник эдийн засгийн үзүүлэлтийг хийж байсан бөгөөд нэг МВт-ыг 1.4 сая ам.доллароор тооцож байжээ. Харин одоо 820 сая төгрөгөөр баривал нэг МВт цахилгааны өртөг 2.6 сая ам.доллар болно гэдийг хэллээ. Мөн тус цахилгаан станцыг Хятадын компаниудаар бариулах юм байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт хийх чадамжгүй гэж бид үзэж байна. Эх орноо худалддаг, авлига авдаг нөхөд Үндсэн хуульд өөрчлөлт хийж чадахгүй”.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Би өнгөрсөн долоо хоногт Халх голд чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоолыг өөрчилж өгөх тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. 500 мянган га газар чөлөөт бүс байгуулсан улс дэлхийд нэг ч байхгүй. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдана. Олон улс хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэхдээ чөлөөт бүс байгуулж бус Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хөдөө аж ахуйн бүс гэсэн нэршлээр хөгжүүлж байна. Тиймээс бид олон улсын жишгийн дагуу чөлөөт бүс байгуулах ёстой” гэв.

Тэрээр Ерөнхий сайдад газрын тосны асуудлаар асуулга тавьсан бөгөөд энэ баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулган дээр Ерөнхий сайд асуулгад хариулах гэнэ. Монгол Улсын Засгийн газар 1993 онд Петро Чайна Дачин Тамсаг компанитай гэрээ хийснийг шүүмжиллээ. “Дэлхий бүх орон бүтээгдэхүүн хуваах хэрээгээр 50-аас дээш хувийг эзэн орон хүртэж байхад манайх 20 хүрэхгүй хувийг авч байна” гэж хэлсэн юм. Тиймээс энэ асуудалтай холбогдуулж Ерөнхий сайдад асуулга тавьжээ.

Т.ДАВААНЯМ
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна