Д.Ганбат: Суллагдсан хүмүүсээс айх шаардлагагүй

2015 оны 11 сарын 9

Өршөөлийн хууль хэрэгжиж, 2071 хүн хорих ангиас суллагдсантай холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү нар мэдээлэл хийлээ.

Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүс бүгд гэр гэртээ хүргэгдсэн бөгөөд очих газаргүй гэх 5 хүнийг “Зөв амьдрах ухаан” ТББ харъяандаа авсан хэмээн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэллээ.

Тэрбээр, Үүнээс өмнө 5 удаа өршөөлийн хууль батлагдаж байсан. Энэ үед тус хуулийг хэрэгжүүлэх комисс хорих ял эдэлж буй иргэнтэй уулзаж, суллах эсэхийг шийддэг байсан бол энэ удаа хэрэгтэн тус бүрийг шүүх хурлаар оруулж, сулласан. Энэ ажилд ХЗЯ, УПЕГ, ШШГЕГ, ЦЕГ маш өндөр зохион байгуулалттай ажилласан. Засгийн газрын нөөц сангаас нийт 130 сая төгрөг гаргаж, иргэдийг суллах ажилд зарцуулсан гэдгийг хэллээ.

Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан суллагдсан хүмүүс дахин гэмт хэрэг үйлдсэн талаар худал мэдээлэл тархсан аж. “Өнөөдрийн байдлаар дахин гэмт хэрэг үйлдэж, баривчилагдсан хүн байхгүй” байнгын хорооны дарга хэлж байна.

ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү “Өршөөлийн хууль батлагдах бүрт ойролцоогоор 2000 гаруй хүн суллагддаг. Үүнээс 5-7 хувь буюу 100-140 хүн л дахин гэмт хэрэгт холбогдсон байдаг. Энэ бол маш бага үзүүлэлт. Иргэд дахин гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг дурьдаж, хуулийг муугаар харах хэрэггүй. Харин цаана нь үлдэж байгаа 1900 гаруй хүн сайхан амьдралд хүрч байгаа гэдгийг бодож үзэх хэрэгтэй” гэв.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна